Увсад номон пирамид босно

“Шинэ тэмүүлэл” залуучуудын клубээс Увс аймгийн 90 жилийн ойг угтаж “Booк challange” номын хандивын аян эхлүүллээ. Хандиваар цугларсан номуудыг тус аймгийн ерөнхий боловсролын 29 сургуульд бэлэглэх ажээ. Ном бэлэглэсэн хүн дараагийн хоёр хүнийг “Booк challange”-д дуудах замаар өрнөх уг аян цахим ертөнцөд багагүй дэлгэрээд байна.

Аяны хүрээнд цугларсан номоор эх үрсийн баярын үеэр Увс аймгийн төв Цэдэнбалын талбайд 9 метр пирамид босгосоны дараа сургуулиудад хүлээлгэн өгөхөөр төлөвлөөд буйгаа зохион байгуулагч “Шинэ тэмүүлэл” клубийнхэн өгүүлж байна. Зохион байгуулагчдын зүгээс зөвхөн ном хандивлаад зогсохгүй тодорхой хугацааны дараа шилдэг уншигч хүүхдүүдийг тодруулах ажээ.

“Book challenge” ном хандивлах аянд Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, БСШУЯ-ны сайд Лу.Гантөмөр, Хууль зүйн сайд Д.Дорлигжав, ШУА-ийн ерөнхийлөгч Б.Энхтүвшин, Аймгийн засаг дарга Д.Цэндсүрэн, Гараг студийн захирал, зохиолч Г.Бадамсамбуу нарын зэрэг олны танил болон эгэл жирийн хүмүүс нэгдэж, дор бүрнээ хүмүүсийг дуудаад эхэлжээ. Жишээлбэл, Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн дуудлага өртөөлсөөр 30 гаруй хүн аянд оролцож, одоогоор 3000 гаруй ном цугларсан байна.

Зохион байгуулагчдын зүгээс энэхүү аянд хувь хүнээр тогтохгүй албан байгууллагуудыг нэгдэхийг уриалж байна. Одоогийн байдлаар 1000 гаруй ажилтантай Тэсо корпораци нэгдэхээ илэрхийлсэн бол 8000 гаруй дэмжигч гишүүдтэй Оргил өөд уулын клуб ном бэлэглэхээр цуглуулж эхэлжээ. Энэ хэлбэрийн номын аянаас санаа авч Өвөрхангай, Архангай, Хэнтий аймгийн залуус ч “Booк challange” хийж эхэлжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ