Ж.Батзандан гишүүн тусламж хүргэхээр хөдөлнө

Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд энэ сарын 13-ны өдөр хээрийн түймэр гарч нэлээд их хэмжээний хохирол учруулаад байгаа тухай мэдээлсээр байна.

Өчигдөр өглөө Түмэнцогт сумын хоёр талд гарсан түймрийг цурманд оруулж чадсан ч цаг агаарын байдлаас шалтгаалан дахин түймэр дэгдсэн байна. Учир нь тус суманд өдөртөө салхи 18-20 м/сек, шөнөдөө 16-18 м/секундын хүчтэй салхилж байгаа учраас тал газарт гал дахин дэгдэж бүрэн унтраахад туйлын хүндрэлтэй байгаа юм. Түймэрт өртөж хохирсон ард иргэдэд туслах аяныг УИХ-ын гишүүн Ж.Батзандан санаачилж түүнд нь олон иргэд нэгдэж байгаа аж. Ингэснээр УИХ-ын гишүүн Ж.Батзандан өөрийн биеэр түймэрт өртсөн 22 өрхийн 100 гаруй хүнд тусламжийн хувцас хунар, хоол хүнс, зуух яндан зэрэг бараа материалыг хүргэж өгөхөөр өнөө орой хөдлөх юм.

Одоогийн байдлаар хохирлын хэмжээг албан ёсоор тогтоож амжаагүй байгаа. Албаны эх сурвалжийн мэдээллээр Түмэнцогт сумын нийт нутаг дэвсгэрийн 90 орчим хувь түймэрт өртөж 60 орчим айл хохирч, 22 айл орон гэргүй болжээ. 2700 гаруй мал шатсан бөгөөд хайрагдсан малын тоо тодорхойгүй байгаа аж. 7 бүл зөгийн аж ахуй, найман “Норд Бенз” машин, нэг “Хово” маркын машин, нэг Газ 51 машин, 50 гаруй өвөлжөө, хаваржаа болон гурван мотоцикль түймэрт шатжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ