"Хүчирхийлэл"-ээр дүүрсэн хүүхэлдэйн кино

Манай улсад хүүхэд багачуудын сэтгэхүйд таарсан ном сэтгүүл хомс, цаашлаад тэдний нас, сэтгэхүйн онцлогт тохирсон хүүхэлдэйн кино ч хийгдэхээ больжээ. Багачууд гадаадын хүүхэлдэйн кино үзэж тэндээс үлгэр дууриал авч өсөж байна. Гэтэл эдгээр хүүхэлдэйн кинонууд нь монгол хүүхдийн сэтгэхүйд огтхон ч таарахгүй бөгөөд төр засгаас хүүхдэд зориулсан уран бүтээл тэр дундаа багачуудын шимтэн үздэг хүүхэлдэйн кинонд анхаарлаа хандуулж төсөв хөрөнгө гаргах цаг болсон юм шиг санагдлаа. Түүнчлэн хүүхдийн төлөө газрын хийсэн судалгаагаар хүүхдэд зориулсан дэлгэцийн уран бүтээл цөөхөн, ном сэтгүүлийн тоо хангалтгүй гэсэн дүн гарсан байна.

Манай хэвлэл мэдээлийн сувгаар гарч буй хүүхэлдэйн кинонуудыг өөр улс оронд гаргахыг хориглочихсон байдаг байна. Жишээлбэл, Том жирри, Маша баавгай хоёр, Спонже боб, Ну погоди, “Симпсоныхон” зэрэг олон хүүхэлдэйн кинонууд нь зохисгүй үг хэллэгтэй, хэн нэгнийгээ дийлж чадах гэсэн хорон санаа гаргадаг зэрэг нь хүүхдийн сэтгэл зүй, цаашлаад хүмүүжилд нь сөргөөр нөлөөлдөг байна. Үзэж харсан хүүхэлдэйн баатруудаа дуурайдаг тохиолдлуудаас хүн аалзыг дуурайж цонхныхоо тагтанд дүүжлэгдсэн хүүгийн гашуун жишээг бид мэднэ шүү дээ. Нэг ёсондоо нийгмийн сэтгэл зүйд сөрөг нөлөөтэй гээд хориглочихсон хүүхэлдэйнүүд нь хүчирхийллийг дүрсэлсэн үйл явдалаар дүүрчихсэн байдаг.
Үүнээс гадна манай ээж аав нар хүүхдийнхээ утасны хэрэглээг хянадаггүй тэр ч байтугай харин ч уйлагнаж, үгэнд орохгүй болохоор нь цахим тоглоом, дээрх хүүхэлдэйн кинонуудыг гаргаж өгөөд, утсаа бариулаад суулгачихдаг. Үзэж, тоглож буй зүйлдээ үр хүүхэд нь сатаараад чимээгүй болчихоор манай эцэг эхчүүд чих амар сайхан байна гэж бодохоос миний хүүхдэд сөрөг нөлөөтэй гэж огтхон ч боддоггүй. Ийм жишээг би олон харсан, таны эргэн тойронд ч бас байна уу? гэдгийг нэг сонирхоод үзээрэй.
Мөн монгол ёс заншил, өв уламжлалыг тусган харуулсан цөөхөн хэдэн хүүхэлдэйн кино нь хуучирсан, телевизээр гардаггүй учраас хүүхдүүд монгол ёс уламжлалаа мартаж, зарим нэг нь таван хошуу малын үр төлийг ч мэдэхгүй өсөж торниж байна. Монголд байгаа бага насны хүүхдэд зориулсан ном нь “Бумбардай” хэмээх цуврал ном бөгөөд энэхүү ном нь 108 цуврал зурган ном юм. Одоогоор тус номны эхний цуврал нь хэвлэгдээд байгаа гэнэ. Үүнээс өөр яг хүүхдийн гэх тодотголтой кино, ном хэвлэлийг энэ тэр гээд нэр цохох гэсэн боловч ой тоонд байсангүй.
Түүнчлэн зурагтаар гарч буй гадаадын кино, контентууд нь насны хязгаарлалт гэж байдаггүй. Ямар нэгэн тэмдэглэгээгүй. Хүүхдүүдтэйгээ хамт үзээд суухаар чих алт болж, нүүр улайж, ичиж үхмээр. Иймэрхүү киноны энгийнээс жишээ татвал, барууны кинон дээр “өгзөгийг чинь өшиглөнө” “хараал ид” чөтгөр ав”“ гэх мэт үгс амны уншлага шиг хэрэглэгддэг гэдгийг та анзаарсан уу? Ид шулагнаж, энд тэндхийн зүйлд суралцаж яваа хүүхдүүд маань томоогүй зандаа хөтлөгдөж дээрх үгсийг сурч бараг л хэлд орж байна гэхэд үнэнээс хол зөрөхгүй. Харин эцэг эхчүүд нь манай хүүхэд ингэж хэллээ тэгж хэлд орлоо гээд өхөөрдөж, инээдэм болгоод л өнгөрдөг.
Гэтэл ухаант ард минь хүн болох багаасаа хүлэг болох унаганаасаа гээд хэлчихсэн байдаг шүү дээ. Эргэцүүлж та бас нэг бодоод л үзээрэй.
Б.Гэрлээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ