240 өрхийн иргэдийн амь насанд заналхийлжээ

Нийслэлийн Баянгол дүүргийн 14–р хорооны 48 айлын, 12 давхар, 16-р байр буюу Ачлал дэлгүүрийн арын Нийслэлийн Баянгол дүүргийн 14–р хорооны 48 айлын, 12 давхар, 16-р байрны оршин суугчдыг өчигдөр орой яаралтай нүүлгэн шилжүүллээ.
н.Ганбат захиралтай “БИ ЖИ БИ ЖИ” компани эзэмшил газраа хэтрүүлэн орон сууц, үйлчилгээний зориулалттай барилга барьж, тус байрны хажууд тулган асар том нүх ухсанаар 12 давхар барилга нурах аюулд өртөж ийнхүү оршин суугчдыг нь гэрээс нь босгосон юм. Орон сууцны даацын хавтан суулт өгч нурж эхэлснээр Нийслэлийн онцгой комисс яаралтай хуралдаж тус байрны айлуудыг нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргасан нь энэ юм.
“БИ ЖИ БИ” гэх компанийн буруутай, аймшигтай хэнэггүй үйлдлээс болж амар тайван амьдарч байсан 240 гаруй иргэдийн амьдрал өнөөдөр хүндхэн байдалд ороод байна. Тус компанийн зүгээс барилгын ажлаа эхлүүлэхийн өмнө “үерийн даланг нураахгүй, нураасан тохиолдолд үйл ажиллагаагаа зогсооно” гэж оршин суугчдад баталгаа гаргаж өгсөн байна.
Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, орон сууцны 16 дугаар байрны иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын байцаагч өнгөрсөн оны 10 дугаар сард “Би Жи Би Жи” компанийн барьж байгаа барилгын ажлын явцад хяналт шалгалт хийжээ. Шалгалт хийхэд хорооны Засаг дарга болон СӨХ-ны гүйцэтгэх захирал, иргэдийн төлөөлөл байлцсан байна.
16 дугаар байрны зүүн талын далангийн дагуу хамгаалалт хийлгүй газар шорооны ажил хийснээс нягтруулсан шороо их хэмжээгээр нурж хөндий үүссэн, зам, талбайн хавтан хөдөлгөөнд орж нурах аюултай болсныг шалгалтаар тогтоосон байна.
Мөн автомашинууд байрлуулсан нийтийн эзэмшлийн зам, талбайгаар иргэд зорчиж байгаа нь Барилгын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 /хүн ажиллаж, амьдрах таатай нөхцөл бүрдүүлсэн, түүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, аюулгүй байдлыг хангасан/ заалтыг зөрчсөн гэж үзжээ.
Иймээс тухайн орчинд аюулгүйн бүс татан хамгаалалт хийж, анхааруулах тэмдэг, тэмдэглэгээ байрлуулах, нурсан газарт бэхэлгээ, хүчитгэлийг мэргэжлийн байгууллагаар яаралтай хийлгэн хэвийн байдалд оруулахыг “Би Жи Би Жи” компанид үүрэг болгож байжээ.
Тус компанид барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжүүлэх зөвшөөрлийг БХБЯ-наас 2014.07.22-ны өдөр олгосон байна.
Гэсэн хэдий ч өнгөрсөн оны есдүгээр сард Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас тус компанид барилгын ажлаа үргэлжлүүлэх зөвшөөрөл өгөөгүй бөгөөд тус компани Сүхбаатар дүүргийн 11-р хороонд баригдах барилгын зөвшөөрлийг ашигласан байна гэж оршин суугчдад мэдэгдсэн байна.
“БИ ЖИ БИ ЖИ” компани анх 2011 онд тус газарт “Үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай барилга барих зөвшөөрөл авч байжээ. Ингээд 2014 оны эхээр газрын зөвшөөрлөө дахин баталгаажуулж энэ оныхоо зургаадугаар сард тус барилгын ажлаа эхэлсэн байна.

Барилгын ажлаа явуулахдаа хажуугийн 12 давхар байранд тулган хэт гүн хундамны нүх ухаж улмаар үерийн даланг байхгүй болгосноор ийн асар олон иргэдийн амь насанд заналхийлээд байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ