Парадад алхах цэрэг эрс маргааш ОХУ-ыг зорино

ОХУ-ын Москва хотын Улаан талбайд парад алхах бүрэлдэхүүн маргааш өглөө ОХУ-ыг зорих юм байна. Тэд ОХУ-ын Улаан-Үд хот хүртэл тусгай автобусаар явах бөгөөд тэндээс нь ОХУ-ын цэргийн тусгай онгоц авах юм байна.

Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр өчигдөр бүрэлдэхүүнийг ОХУ-ыг зорихоос нь өмнө бэлтгэлийн явцтай танилцжээ. Тэрбээр парад оролцогчдод "Дэлхийн орнуудын цэргүүдэд Монголын цэргийн сүр хүчийг гайхуулж, цог золбоолог гэдгээ харуул. Эр цэргийнхээ сүр хүчийг гайхуулах том боломж та нарын гарт байна" хэмээн захиж, амжилт хүсчээ.

Уг парадад Монгол Улс, БНХАУ, Энэтхэг, Азербайджан, Армени, Белорусь, Тажикстан, Казакстан, Киргизстан, Серби зэрэг 10 улсын Зэвсэгт хүчнээс тус бүр 70 цэргийн алба хаагч бүхий нэг нэг салбар оролцох ажээ.

Жагсаалыг удирдаж Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн захирагч, хурандаа Л.Батболд алхах бол Монгол Улсын тугийг ахлах дэслэгч Ж.Баярцогт, дэслэгч А.Алтантүлхүүр, хошууч А.Төгс-Эрдэнэ нар залан алхана.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ