Жим Доак гадны нөлөөгүй нас барсан гэв

Канадын “Хан Ресурс” ХХК-ийн Удирдах зөвлөлийн дарга Жим Доак Монголд амиа алдсан гэх мэдээлэл олон нийтийн дунд шуугиан дэгдээгээд байна.
Нэгэн зочид буудлаас өчигдөр өглөө Канад улсын иргэн амиа алдсан байсныг олсон байна. Түүнийг Жим Доак мөн гэдгийг дөнгөж сая ЦЕГ-аас албан ёсоор мэдэгдлээ. Уг хэргийг үргэлжлүүлэн мөрдөн шалгаж байгаа бөгөөд ямар нэгэн гадны нөлөөгүй өвчний улмаас нас барсан гэсэн юм. ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хошууч Б.Баатархүү:
“2015 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр 08.40 цагт Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрлах "Bluesky" зочид буудалд хүн нас барсан байна гэсэн мэдээлэл ирсэн. Мэдээллийн дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн хэргийн газарт үзлэг шалгалтын ажиллагааг хийсэн. Ингэхэд уг буудлын 16 давхарын ... тоотод байрлаж байсан Канад улсын иргэн Жим Доак Чарльз гэх 60 настай иргэн гаднаа ил харагдах гэмтэл шархгүй нас барсан байсан. Цогцост хийсэн шүүх эмнэлгийн анхан шатны дүгнэлтээр гадны ямар нэг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарсан. Өчигдөр шүүх эмнэлгийн задлан шилжилгээнд оруулсан. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний хүрээлэнгээс урьдчилсан байдлаар өвчний улмаас нас барсан гэх мэдээллийг өгсөн. Эцсийн дүгнэлт хараахан гарах болоогүй. Нарийн шинжилгээний дүн 14 хоногийн дараа гарна. Талийгаач Монгол Улсад 2015 оны дөрөвдүгээр сарын 19-ны өдөр ирсэн. Ямар хэргээр ирсэн нь тухайн хувь хүний нууцад хамаарах зүйл учир мөн мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.
Энэ тухай мөн гадны хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсээр байна. Тухайлбал, “Globe and mail” болон Coast Reporter зэрэг цахим хуудсанд “Монголын нэгэн зочид буудалд нас барсан Канад иргэнийг пүрэв гаригийн өглөө олжээ. Тэрбээр ураны хайгуулын Хан Ресурс компанийн Удирдах зөвлөлийн дарга байсан 60 настай Жим Доак байв.” гэжээ. Гэвч “Хан Ресурс” ХХК-ийн удирдлагуудаас энэ талаар тодруулах гэсэн боловч хариу өгөөгүй байна.
“Хан Ресурс”-ийн эзэмшиж байсан ураны ордын лицензийг 2009 онд МУ-ын ЗГ цуцалсантай холбоотойгоор энэ оны гуравдугаар сард Олон улсын арбитрийн шүүхээс манай ЗГ-ыг 100 сая ам.долларын нөхөн төлбөр төлөх шийдвэрийг гаргасан. Тэгвэл уг асуудлаар “Хан Ресурс”-ийн төлөөлөгчид энэ долоо хоногт Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгч нартай нөхөн төлбөрийн асуудлаар уулзаж, төлбөрөө яаралтай төлөхийг мэдэгджээ. Тэд энэ чиглэлээр мэргэшсэн шинжээчдийг бүрдүүлэн ажиллаж байгаа ба тэдний зүгээс уг ажилд илүү их хүчин чармайлт гарган ажиллана хэмээсэн аж.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ