Хоёр улсын мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн бизнес форум боллоо

Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд Б.Батзоригийн БНХАУ-д хийж буй ажлын айлчлалын хүрээнд Монгол, Хятадын мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, борлуулагч аж ахуйн нэгжүүд хоорондын ажил хэрэгч уулзалтыг Бээжин хотод амжилттай зохион байгуулав.
Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн яам, Бээжин дэхь Монгол Улсын ЭСЯ, Хятадын махны холбооноос зохион байгуулсан энэхүү арга хэмжээнд Монголын мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, экспортлогч томоохон 18 аж ахуйн нэгжийн 40 гаруй төлөөлөгчид, Хятадын талаас 70 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцлоо.
Ажил хэрэгч уулзалтын үеэр Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн яам, Мал эмнэлэг, үржлийн газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хүнс, хөдөө аж ахуйн салбарын нөөц боломж, мал эмнэлэг, хорио цээр, хяналт шалгалтын талаар Хятадын талаас тус улсын хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, импорт, хорио цээрийн нөхцөл шаардлагын талаар сонирхолтой мэдээлэл, танилцуулга хийсэн нь бизнес эрхлэгчдийн хувьд ихээхэн ач холбогдолтой боллоо.
Уулзалтыг нээж Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ц.Сүхбаатар, Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд Б.Батзориг, Монголын махны холбооны ерөнхийлөгч , УИХ–ийн Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Д.Батцогт нар үг хэлж хоёр талын аж ахуйн нэгжүүд хооронд харилцан ашигтай, урт хугацааны бизнес түншлэл бий болгоход идэвхитэй хамтран ажиллахыг хүсэв.
Саяхан БНХАУ-ын Гэрчилгээ, бүртгэлжүүлэлтийн газрын Монголын зарим аж ахуйн нэгжүүдэд мах, махан бүтээгдэхүүн экспортлох зөвшөөрөл олгоод байгаа энэ үед хоёр талын бизнес эрхлэгчдийн ажил хэрэгч уулзалтыг зохион байгуулсан нь Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой, цаг үеэ олсон арга хэмжээ болов.
Мөн Монголын мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид өөрсдийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүнийг сурталчлан бэлчээрийн малын махны амталгаа зохион байгуулж, хоёр талын аж ахуйн нэгжүүд хооронд түншлэл тогтоох нүүр тулсан уулзалт хийлээ.
Б.Гэрлээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ