Р.Бурмаа: Айл бүр үлээдэг багажтай бол галаас аврагдах боломжтой

Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудын зарим сумдад их хэмжээний бэлчээр, нутгийг хамарсан ой, хээрийн түймэр гарч орон нутаг, аж ахуйн нэгж байгууллага, иргэд, малчдад эд материалын болон сэтгэл санааны асар их хохирол учруулаад байгаа билээ. Үүнтэй холбогдуулан Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас санаачлан салбарынхаа нийт ажилтан, албан хаагчид, хүнсний болон боловсруулах үйлдвэрүүдэд хандан түймэрт нэрвэгдсэн орон нутаг, иргэд, малчид болон гал унтраах ажилд оролцож байгаа нийт бие бүрэлдэхүүнд зориулж санхүү, эд материал, хүнсний хандив, тусламжийн аяныг зарласан юм. Ингээд ХХАА-н сайд Р.Бурмаа тэргүүтэй албаны хүмүүс Хэнтий аймгийн Норовлин, Дорнод аймгийн Баян-Уул, Дашбалбар суманд гарсан ой хээрийн түймрийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, хүнсний бүтээгдэхүүн болон мөнгөн тусламж үзүүлээд иржээ.

Дорнод, Хэнтий аймгийн сумдад гарсан түймэр одоо болтол унтраагүй байгаа тул тус нутгийн ард иргэд болон аврах албаныханд шаардлагатай байгаа бүх талын тусламжийг өдөр алдахгүй хүргэх нь чухал байгаа гэдгийг хэлсэн юм. Тиймээс ч тэднийг баасан гаригт ирсэн даруйд ээлжит тусламж замдаа гарчээ. Гал унтраахаар ажиллаж байгаа хүмүүст нэн түрүүнд хамгаалалтын нүдний шил, оймс, гутал зэрэг зүйлс хэрэгцээтэй байгаа аж. Учир нь халуун нурман дээр хөл хөлөрч, оройдоо оймс нь хатаж хөлийг нь холгодог зэрэг олон бэрхшээл тулгардаг байна. Тиймээс ямартай ч Батлан хамгаалахын сайдын шийдвэрээр 400 орчим цэргийн иж бүрэн хувцас олгохоор болжээ.

Түймэрт нэрвэгдсэн айл өрхийн хохирол болон бусад хохирлын хэмжээг тогтоогоогүй байгаа бөгөөд Засгийн газрын хуралдаанаар түймэрт өртсөн иргэдийн хохирлыг барагдуулах чиглэлээр эхний ээлжинд хөрөнгө мөнгийг шийдсэн юм байна. Гэвч энэ нь хангалттай бус гэдгийг Онцгой байлдын комиссын гишүүний хувьд Р.Бурмаа сайд цохон тэмдэглэсэн юм. Тэрбээр хэлсэн үгэндээ "Галтай тэмцэх хамгийн гол багаж нь үлээдэг аппарат. Энэ нь шатахуунаар ажилладаг. Гэтэл аймаг, сумдын шатахууны нөөц дуусч, ШТС-уудаас зээлээр түлш авч байгаа хүндхэн үед ХХААЯ-наас 18 сая төгрөгийн тусламж үзүүлсэн нь нүдээ олсон хэрэг боллоо. Хэрэв орон нутгийн иргэд маань бүгд үлээдэг багажтай болчихвол түймрийн аюулд өртөхөөс сэргийлэх боломжтой юм." хэмээн онцлов.

Түймэр гарсан нутгийн нэгэн айл үлээдэг багажтай байсны ачаар өрх гэрээ авч үлдэж чадсан аж. Тиймээс ч цаашид малчин, тариаланч айл бүр үлээдэг багажтай болох нь чухал юм байна.

Мөн түймэрт түлэгдсэн малд зориулж өвчин намдаах эм, тариа, тосон түрхлэгүүдийг хүргэж өгчээ. Түймэрт өртсөн амьд малуудын цавь, хөл, толгой хэсэг нь ихэнхдээ нимгэн арьстай хэсгүүд нь түлэгджээ. Дэлэн хөх нь түлэгдсэн эх малын төлийг угжих зэргээр хүн амьтнаа ч, хүнээ ч, амьдралаа ч аврахыг хичээн түймэрт өртөгсөд болон зэргэлдээх нутгийн ард иргэд, албаныхан бүгд бүх хүчээ чармайн ажиллаж байгаа гэдгийг албаныхан мэдээллээ.

Дашрамд сонирхуулахад, үлээгч багажийн нэгж үнэ нь 200-250 мянган төгрөг байдаг юм байна.

Одоогоор түймрийн нөхцөл байдал салхинаас хамаарч байна. Түймрийн голомт бүхий сумдад 25 метр секунд хүртэл салхитай байгаа тул хэдий цурманд оруулсан ч хилийн хэсгээр ОХУ-ын талд түймэр намжаагүй, ой модондоо асч буй тул салхины аясаар байнга орж ирж байгаа гэнэ. Тиймээс хилийн зурвас дээр галыг намжаах арга хэмжээ авч байгаа юм байна.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ