Газар хөдлөлтийн гамшигт өртсөн Балба

Эверест оргилын эх орон Балбад хүчтэй газар хөдлөлт болж, 2500 гаруй хүн амь насаа алдаад байна. Балбын нийслэл Катманду хотод газар хөдлөлтийн голомт байсан хэдий ч тус улстай хил залгаа орших Энэтхэг, Бангладеш, Төвдөд мөн хүний амь эрсэдсэн юм. Нэг сая гаруй хүн амтай Катмандуд гэхэд 700 хүний амь эрсэдсэн төдийгүй барилга байшин нурж, хөрсний нуралт үүсчээ. 7,8 баллын хүчтэй газар хөдлөлтийн улмаас мянга мянган хүн гэмтэж, түүх соёлын өв үгүй болж, зарим жуулчид, иргэд одоо ч нурангид дарагдаастай байгаа гэнэ. Тус бүс нутагт сүүлийн 80 жилд гараагүй хүчтэй уг газар хөдлөлт өнгөрсөн бямба гаригийн 11:41 цагийн үед эхэлжээ.

Газар хөдлөлтийн үеэр мөн Эверестийн ууланд цасан нуранги үүсч, улмаар 17 уулчин амь үрэгдэж, 10 гаруй хүн сураггүй болжээ. Тэдний дунд “Google” компанийн гүйцэтгэх захирлуудын нэг 33 настай Дан Фрединбург байсныг эх сурвалжууд баталж байгаа юм. Тэрээр “Google Map”-дзориулан зураг авалт хийхээр явж байгаад ийнхүү амь эрсэдсэн байна. Өргөн хүрээг хамарсан газар хөдлөлтөөр Энэтхэгийн хойд бүс нутгаар 34 хүн амь үрэгдэж, Төвд, Бангладешт барилга савласан байна. Цаашид ч гэмтсэн, нас барсан хүмүүсийн тоо нэмэгдэх хандлагатай байгаа гэдгийг BBC-гээс мэдээллээ.

Аврах албаны хүмүүс газар хөдлөлтийн бүсээс иргэдийг нүүлгэн шилжүүлж, майханд байрлуулж байна. Катманду хот нь эртний зохион байгуулалт бүхий нарийн гудамжуудтай тул хүнд механизм буюу бульдозер зэрэг том оврын техник багтах боломжгүй гэнэ. Тиймээс аврагчид нурангид дарагдсан хүмүүсийг гаргахад нэлээд бэрхшээлтэй байгаа аж. Тэд хүний амь аврахын төлөө өдөр шөнөгүй гар нүцгэн ажиллаж байгаа талаар албаныхан мэдээлжээ.

Гамшигт нэрвэгдэгсдийг зорисон олон улсын тусламжийн цуваа үргэлжилж байна. Тухайлбал, Энэтхэг болон Пакистан улс эм тариа, шаардлагатай техник хэрэгсэл, мэргэжлийн баг, аврагч ноход тэргүүтэй хэд хэдэн онгоц илгээсэн бол Их Британиас хүмүүнлэгийн найман баг тус улсыг зорьжээ. Харин АНУ, Герман, Испани, Франц, Израиль, Европын холбооноос мөнгөн болон бусад тусламжийг үзүүлнэ гэдгээ амлаад байгаа юм. Түүнчлэн “Олон улсын улаан загалмайн нийгэмлэг” болон бусад олон улсын хүмүүнлэгийн байгууллагууд гамшигт нэрвэгдсэн бүс нутагт сайн дурын ажилчдаа илгээж эхлээд байна.

Харин тус улсад жуулчлалаар явж байгаа манай улсын иргэн А.Эрдэнэтуяа, Ж.Саруулбуян, А.Жавзандулам нартай ЭСЯ-наас холбогдон шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлж Катманду дахь Өргөмжит консулын газарт авчирч аюулгүй газарт байрлуулсан бөгөөд манай иргэд аюулгүй хоносон хэмээн ГХЯ-наас мэдээллээ. Балба улсад тог цахилгаан, харилцаа холбоо, интернэт тасарч, байнгын чичэрхийлэлтэй байгаа гэнэ.

Катмандугийн олон улсын нисэх онгоцны буудал нислэг үйлдэж эхэлсэн тул гадаадын 8000 гаруй иргэн нисэх хуваариа хүлээн дугаарлаж байгаа аж. Манай иргэдийн хувьд маргааш хуваарийн дагуу Катманду-Чиндү чиглэлээр нисэх төлөвлөгөөтэй байна хэмээн Өргөмжит Консулын газраас мэдээлжээ.

Г.Уянга

СЭТГЭГДЭЛ БИЧИХ