Шуудангийн ажилчид өлсгөлөн зарлана гэдгээ мэдэгдлээ

Өнөөдөр Чингисийн талбайд жагссан шуудангийн ажилчид сэтгүүлчдэд дахин мэдээлэл хийлээ. Тэд “Монгол шуудан” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Батсайханыг хууль бусаар ажлаас чөлөөлснийг эсэргүүцэж байгаа билээ.

Тэд "Ц.Батсайхан нь захирлаар ажиллаж байх хугацаандаа эдийн засгийн үзүүлэлтийг нэмж, шуудангийн үндсэн чиглэлийг нэмэгдүүлж, ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдэж, нэг ч хүн ажлаас чөлөөлөлгүй 60 хүн шинээр ажилд авсан. Тиймээс түүнийг халах болсон шийдвэрийг хүчингүй болгож өгөхийг хүсч байна" гэжонцлон хэлж байсан юм.

Тэд хууль бус шийдвэрээ хүчингүй болгохыг ТӨХ-оос шаардсан ч ямар нэгэн хариу ирүүлээгүй байна. Энэ байдлаар хариу өгөхгүй байвал орон даяар ажил хаяж, өлсгөлөн зарлах хүртэл арга хэмжээ авна гэдгээ тус компанийн ажилчид мэдэгдлээ.

Харин “Монгол шуудан” ТӨХК-ийн Маркийн газрын дарга Н.Ганболд хэлэхдээ “ТӨХөөрөө тодорхой шийдвэр гаргах эрх зүйн чадамжгүй. Учир тус газрын даргаар жинхлэгдээгүй Солонго гэх эмэгтэй ажиллаж байгаа. Энэ хүний гаргасан шийдвэр гарын үсэггүй байсан учраас бид хууль бус гэж үзэж байгаа юм. Гэтэл өнгөрсөн баасан гаригт тэр эмэгтэй манай захирал руу “Тамгаа өгөх хэрэгтэй байна. Өгөхгүй бол дараагийн арга хэмжээг авна” гэж ярьсан. “Монгол шуудан” ТӨХК-ийн ажилчдын хүсэл, сонирхлыг харгалзаж үзэлгүй хууль бус шийдвэр гаргавал манай түр хороо үүний эсрэг арга хэмжээ авна” гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ