Шүүгчийн ёс зүйн хороо 72 шүүгчид холбогдох 58 гомдол хүлээн авчээ

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурлыг сар тутам зохион байгуулдаг юм. Энэ удаагийн хэвлэлийн бага хурлыг Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн ёс зүйн хороотой хамтран “Шүүгчийн хариуцлага” сэдвээр зохион байгуулсан бөгөөд нэмэлт сэдвээр шүүгчийн цалинтай холбоотой мэдээлэл хийв.

Шүүхийн ёс зүйн хорооны дарга О.Алтангэрэл “Олон нийт шүүгчдийг хэн шүүх вэ, тэдэнд хэн хариуцлага тооцох вэ. Эсвэл юу ч хийж болдог эрх мэдэлтэй хүмүүс юм шиг, эсвэл тал талаас нь шүүмжлээд байж болдог газар юм шиг буруу зөрүү ойлголттой байдаг. Товчхондоо, Шүүхийн ёс зүйн хороо бол шүүхийн сахилга хариуцлага, ёс зүйг сахин хамгаалдаг орон тооны бус байгууллага. Нийт 9 хүний бүрэлдэхүүнтэй. Гишүүд нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар томилогддог. Байнгын үйл ажиллагаа явуулдаг. Шүүгчидтэй холбоотой гарсан гомдлыг хянан шийдвэрлэдэг ажлын албатай.

Иргэдээс шүүгчдийн талаар гомдол их гардаг. Иргэд Шүүхийн ёс зүйн хорооны талаар ойлголт муутай байдгаас ихэнх гомдол нь шүүгч энэ хэргийг ингэж буруу шийдлээ гэж ханддаг. Хэргийн шийдэл нь буруу байна, буруу хууль хэрэглэлээ гэх мэтээр. Ийм гомдол манай ёс зүйн хороонд ихээр ирдэг юм. Шүүх бол өөрөө давж заалдах, хяналтын өөрийн гэсэн системтэй. Хууль хэрэглээний асуудал болон шүүхийн шийдвэрийг хянадаг өөрийн гэсэн бүтэцтэй. Монгол Улсын дээд шүүхээс гарсан шийдвэр бол эцсийн шийдвэр. Харин манай хороон дээр авч хэлэлцдэг асуудал бол зөвхөн тухайн шүүгчтэй холбоотой, ёс зүй, сахилга хариуцлагатай холбоотой асуудлыг авч хэлэлцдэг юм. Иргэдээс ирүүлсэн гомдол нэг бүрт Шүүхийн ёс зүйн хороо хурал хийж шийдвэрлэдэг. Гурван гишүүний бүрэлдэхүүнтэй хурал хийж, процесийн хувьд сахилгын хэрэг үүсгэх эсэхийг шийдвэрлэдэг журамтай.

Тухайн шүүгчид холбогдуулан хэрэг үүсгэсэн бол ёс зүйн хорооны нийт гишүүдийн хурлаар оруулаад сахилгын ямар хариуцлага тооцох вэ гэдгийг шийддэг. Үүнд сануулахаас авахуулаад шүүгчийг огцруулах хүртэл арга хэмжээ авах ийм эрхтэй байдаг. Энэ үүргийнхээ дагуу ажиллаж байна” гэлээ.

Үүний дараа Шүүхийн ёс зүйн хорооны ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Халиун Шүүхийн ёс зүйн хорооны 2015 оны нэгдүгээр улиралд шийдвэрлэсэн статистик мэдээллийг танилцуулсан юм. Шүүхийн ёс зүйн хороо 2015 оны нэгдүгээр улиралд давхардсан тоогоор 72 шүүгчид холбогдох 58 гомдол хүлээн авчээ. Ирсэн гомдлын агуулгын хувьд зохисгүй байдал гаргасан шүүгч нартай холбоотой гомдол 3, хувийн ашиг сонирхлын үүднээс нэг талд үйлчилсэн гомдол 35 хувь, хууль буруу хэрэглэсэн гэх 25 хувь, хэргийн хөдөлгөөний удирдлагатай болон бусад асуудалтай холбоотой гомдол ирсэн байна.

Шүүхийн ёс зүйн хорооны гомдол хянан хэлэлцэх хуралдаанаар нийт хүлээн авсан 58 гомдлын дөрөвт нь сахилгын хэрэг үүсгэж, 41 гомдолд сахилгын хэрэг үүсгэхээс татгалзаж, 3 гомдлыг дахин шалгуулахаар буцаажээ. Шүүхийн ёс зүйн хорооны нийт гишүүдийн хуралдаанаар 9 гомдлыг авч хэлэлцжээ. Үүнээс сахилгын шийтгэл ногдуулсан 4, сахилгын хэрэг үүсгэсэн тогтоолыг хүчингүй болгож, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгосон 2, сахилгын хэргийг үүсгэхээс татгалзсан тогтоолыг хэвээр баталсан 13 тохиолдол байна. Үүнээс дахин шалгуулахаар буцаасан гомдол 3 байна гэлээ.

Шүүгчид ногдуулсан сахилгын шийтгэлийн хувьд дөрвөн шүүгчид сануулах арга хэмжээ авчээ. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдсан сахилгын хэрэг 12 гарчээ. Үүнээс сахилгын хэрэгт шийтгэл ногдуулсныг эс зөвшөөрч нэг шүүгч гомдол гаргасан бол сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсаныг эс зөвшөөрч 11 гомдол гаргажээ. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсаныг эс зөвшөөрсөн 11 гомдлын 10-ыг хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн бөгөөд хоёр гомдлыг хянаж байгаа аж.

Шүүгчдийн цалингийн асуудлаар:

Шүүхийн ерөнхий зөвлөл Үндсэн хуульд заасны дагуу шүүгчийн хараат бус байдал, шүүхийн бие даасан байдлыг хангах чиг үүрэгтэй байгууллага. Шүүгчийн хараат бус байдал буюу шүүгчийн эдийн засгийн хараат бус байдлыг хангах хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улсын төсвийн тухай хуульд нийцүүлээд, өөрөөр хэлбэл батлагдсан төсөвтөө багтаагаад шүүгчдийнхээ цалингийн асуудлыг сүүлийн хоёр жил шийдсэн. Үүнд УИХ-аас дэмжлэг үзүүлж, 2015 онд шүүгчдийн болон шүүхийн захиргааны ажилтнуудын цалинг нэмэгдүүлэхэд зориулж 15 тэрбум төгрөг хүртэл нэмж баталж байсан.

Өнөөдөр Монголын нийгэмд шүүгчдийн цалингийн талаар багагүй хэлэлцүүлэг өрнөж байна. Зарим шүүгч 4-8 сая төгрөгийн цалинтай гэсэн ташаа мэдээлэл цацагдаж байгаа учраас бодит мэдээллийг өгөх шаардлагатай болсон тухай Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан тайлбарласан юм. Тэрбээр “Шүүгчдийн цалин 2,7 саяас 3,3 сая төгрөгийн хооронд байгаа. Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч 3,3 сая төгрөг, анхан шатны шүүхийн шүүгч 2,7 сая төгрөгийн үндсэн цалин авч байна. Үүнээсээ татвар, нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөд үндсэндээ анхан шатны шүүхийн шүүгч бол 2,3 сая төгрөгийн цалин авч байгаа нь бодитой тоо баримт юм” гэлээ.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ