Хачигт халдвараас сэргийлэхийг анхаарууллаа

Хаврын улиралд иргэд болоод мал амьтны төв мэдрэлийн системийг гэмтээж, амь насанд хүртэл аюул учруулдаг хачигт халдвараас урьдчилан сэргийлэхийг мэргэжлийнхэн санууллаа.
Цаг уур ба газарзүйн байрлал, улирлын байдал зэргээс шалтгаалан хачиг нь 4-5 дугаар сарын дунд үед ичээнээс гардаг. Бие гүйцсэн хачгийн идэвхтэй үе нь хавар, зуны улирал байдаг аж.
Манай улсын ойн болон бэлчээрийн хачгийн тодорхой хувь нь хачигт энцефалитын вирус, боррели, риккетсээр халдварлагдсан байдаг.
Иймээс хачигт хазуулсан хүн бүр өвчилдөггүй. Иргэд хачигт хазуулсны дараа хазсан хэсэгт улайх, өвдөх, ойролцоох тунгалгийн булчирхай үрэвсэх, толгой өвдөх, халуурах, хүзүү хөших, бөөлжих зэрэг зовиурууд илэрвэл эмчид хандах хэрэгтэй.
Хачигт хазуулсан иргэдийн тоо нэмэгдсээр байгаа тул иргэдийг хачигт халдвараас сэргийлж, мөн бага насны хүүхэддээ малгай өмсгөж байхыг анхааруулж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ