Дорнодын иргэн боомоор өвчилсөн нь тогтоогджээ

Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат 29 настай эрэгтэй хүний боомоор өвчилжээ. Зоонон өвчин судлалын үндэсний төвд илгээсэн сорьцын шинжилгээгээр боомын үүсгэгч Bac.anthracis илэрч, түүнийг боомын арьсны хэлбэрээр өвчилсөн болохыг баталсан байна.
Боом нь хүний тунгалагийн зангилаа, тунгалагийн судлыг гэмтээж хүчтэй хордлого үүсгэх замаар өвчлүүлдэг бөгөөд өвчтэй мал, адгуус амьтнаас хүнд халдварладаг байгалийн голомтот, хурц халдварт өвчин юм.Боомын халдварыг цус сорогч хөх түрүү, ялаа, шумуул хүнд тараадаг байна. Өвчний үүсгэгч нь гадуураа бүрхүүл үүсгэж, газрын хөрсөнд 30 жил хүртэл амьдрах чадвартай тул газар, шорооны ажил хийх, мөн өвчтэй малыг өвчих, хуулах, нядлах, ноослох, үхсэн малын сэг зэмтэй ажиллах үед гэмтсэн арьс салстаар халдвар дамждаг аж.
Мөн өвчилсөн малаас гаралтай мах махан бүтээгдэхүүн, боомын савханцараар бохирлогдсон хүнсийг дутуу болгож хэрэглэх үед гэдэсний хэлбэрээр өвчилнө. Ноос, ноолуур боловсруулах, арьс ширний үйлдвэрлэл явуулах явцад бохирлогдсон тоосонцор, агаараар дамжин халдвар авч уушгины хэлбэрээр өвчлөх эрсдэлтэй юм байна.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ