Өнөөдөр хүүхдийг зодож, шийтгэхийг таслан зогсоох өдөр

Дөрөвдүгээр сарын 30-ны өдөр буюу Хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоох Олон улсын өдрийг Хүүхдийг Ивээх Сан оюутнууд болон олон нийтийн хамтаар 9 дэх жилдээ тэмдэглэж байна. Энэ өдөр дэлхийн олон оронд эцэг эхчүүдийг хүүхэдтэйгээ хэрхэн харилцаж, хэрхэн хүмүүжүүлж буйгаа эргэцүүлэн бодуулах, хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргуудыг эрэлхийлэхийг хүн бүрт уриалдаг юм. Хүүхдийн эсрэг хүчирхийллийг нийгмээрээ үл тэвчих, хүүхдийн бие махбод, сэтгэл санааны шийтгэлийг таслан зогсоохын чухлыг олон нийтэд сануулах энэ өдрийг 1998 оноос анх АНУ-д, 2001 оноос бусад орнууд нэгдэн дэлхий нийтээрээ тэмдэглэдэг болсон юм. Манай улсад энэ өдрийг 2006 оноос Хүүхдийг Ивээх Сангийн санаачлагаар тэмдэглэж Хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсооход чиглэсэн нөлөөллийн ажлууд зохион байгуулдаг уламжлалтай.

Энэ жил Хүүхдийг Ивээх Сан “Гэр бүлийн орчинд хүүхдийн бие махбод, сэтгэл санааны эсрэг хуулиар хориглоё”, “Хүүхдээ эерэг аргаар хүмүүжүүлье” аяныг зохион байгуулж байна. Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг энэ аянд 21 аймгийн орон нутгийн телевизүүд, нийслэлийн 9 дүүрэг, төрийн болон төрийн бус байгууллагууд хүүхдийг зодож шийтгэхийг хориглох, эерэг аргаар, үлгэрлэн хүмүүжүүлэх сэдэвт шторкуудыг цацаж байна. Түүнчлэн төрийн болон төрийн бус байгууллагуудын цахим хуудсаар дамжуулан мэдээлэл өгөх, нийгмийн цахим сүлжээ, радио нэвтрүүлгээр хүүхдийг зодож шийтгэлгүй эерэг аргаар, үлгэрлэн хүмүүжүүлэх талаар зөвлөгөө мэдээлэл цацаж олон нийтэд хүргэн уриалж байна.
Хүүхэд зодуулж загнуулснаараа сайн хүн болдоггүй. Харин ч аймхай, хулчгар, өөртөө итгэлгүй, бусдыг дарамтлагч болж хувирдаг. Үүнийг сэтгэл зүйчид, олон тооны судалгаагаар нотолсон юм. Хүүхдийг зодож, загнаж, муу үгээр гутаан доромжлохгүй эерэг аргаар хүмүүжүүлж болно. Бусдын үгийг сонсдог, зөвшилцөн ярилцаж чаддаг, эерэг хандлагатай, хариуцлагатай нэгэн болгохын төлөө насанд хүрэгчид бид хүүхдийг өөрийн үйлдлээр үлгэрлэн чиглүүлэх учиртай.
Хүүхдийг Ивээх Сан, хүүхдийн бие махбодын эсрэг шийтгэл болон гутаан доромжилсон аливаа харилцааг хүний үндсэн эрхийн зөрчил гэж үздэг. Хүмүүжүүлэх нэрээр хүүхдийг дарамтлах, хүчирхийлэх ямар ч шийтгэл байж болохгүйг нийгмээрээ хүлээн зөвшөөрч, хүүхдийн эсрэг шийтгэлийг нийгмийн бүхий л орчинд халж хуулиар баталгаажуулна гэдэгт Хүүхдийг Ивээх Сан итгэдэг гэлээ.
Дээрх өдрийн хүрээнд өнөөдөр 11:30-12:00 цагт Б.Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэнд хүүхдийг зодож шийтгэхийг хориглохын төлөө оюутан залуучууд нэгдэж, флаш моб хийж олон нийтэд хандан уриалга гаргах гэж байна. Мөн УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлгийн мэндчилгээ, хүүхдийн байгууллагын төлөөлөл, эцэг эхчүүдэд зориулсан хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргын зөвлөгөө, мэдээллүүд, гэрэл зургийн үзэсгэлэн бүхий арга хэмжээ болох юм.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ