Ё.Гантуяаг М.Л.Клойберийн аминд хүрсэн гэж эрүүгийн хэрэг үүсгэв

Манай улсад их хэмжээний мөнгөтэй ирээд сураггүй болсон, интерполоор эрэн сурвалжлагдаж байсан М.Л.Клойберийн цогцсыг цагдаагийнхан энэ сарын 17-нд олсон. Тодруулбал, түүний хамтран амьдрагч Ё.Гантуяагийн дүүгийн “Голомт” хотхон дах гэрээс олсон юм. Эх сурвалжийн мэдээлсэнээр тус байранд Ё.Гантуяагийн охин мөн амьдардаг байсан ба тэрээр талийгаач М.Л.Клойберт тариа хийж байгаа бичлэг олдсон гэв. Тиймээс Ё.Гантуяа болон түүний гэр бүлийн дөрвөн хүнийг Интерполоор эрэн сурвалжилж байсан хүнийг нуун дарагдуулсан гэх үндэслэлээр цагдан хориод байгаа аж.
Энэ талаар түүний өмгөөлөгч Р.Пүрэвлхам “Ё.Гантуяаг цагдан хорьсон нь үнэн. Гэр бүлийнх нь хүмүүсийг ч хорьсон байгаа. Мөрдөн байцаалтын шатанд яваа хэргийн талаар мэдээлэл өгөх боломжгүй байна” гэлээ.
Тэгвэл мөрдөн байцаалтын явцад Ё.Гантуяад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.1, 148.1-т зааснаар хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн талаар эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, Ё.Гантуяаг М.Л.Клойберийн аминд хүрсэн зүйл ангиар мөн залилангийн хэрэг үйлдсэн байж болзошгүй хэмээн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ