Чингисийн талбайд иргэдээс санал авч байна

Яг одоо Чингисийн талбай дээр Тавантолгойн гэрээнд хувьцаа эзэмшигчийн саналын эрхийг сэргээж, арилжих, ногдол ашиг авах эрхийг тусгай бүлэг болгон оруулах зорилгоор иргэдээс санал авах ажиллагаа үргэлжилж байна.

УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоолоор 2.8 сая иргэнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 20 хүртэлх хувийг үнэ төлбөргүй эзэмшүүлсэн. Засгийн газрын 2012 оны 181-р тогтоолд нэг сая төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 1072 ширхэг хувьцааг үнэ төлбөргүй эзэмшүүлж, үндэсний аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр нь худалдах, эдгээр хувьцааг хөрөнгийн зах зээл дээр гаргах хүртэл хугацаанд саналын эрхгүй байхаар заасан билээ. Компанийн тухай хуулиар хувьцаа эзэмшигчийн саналын эрхийг хориглосон заалт байдаггүй тул Засгийн газрын уг тогтоолын тодорхой заалт хууль зөрчиж байгаа юм.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт гаргасан хувьцааны 15 хувийг эзэмшээд байгаа Монгол Улсын 2.1 сая иргэний 2.1 тэрбум ширхэг, 553 ААН-ийн 8.5 сая ширхэг хувьцааг саналын эрхгүй болгож, Монгол Улсын үндсэн хуулийн 5-р зүйлийн 5.2, 5.3-р заалт 16-р зүйлийн 16.3-р заалт компанийн тухай хуулийн 34-р зүйлийг зөрчиж хувьцаа эзэмшигчдийн эрхийг хязгаарлаж байна хэмээн мэдэгдсэн билээ.

Саналын хуудаст дөрвөн асуулга бий. Нэгдүгээрт, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хөрөнгө оруулалтын гэрээнд хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалсан тусгай бүлэг оруулахыг дэмжиж байна уу. Хоёрдугаарт, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 20 хүртэлх хувийг эзэмшиж буй Монгол Улсын иргэд, үндэсний ААН-ийн хувьцааны саналын эрхийг эдлүүлж, хөрөнгийн бирж дээр худалдах боломж нээхийг дэмжиж байна уу. Гуравдугаарт, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 51 хувийг төрийн мэдэлд үлдээхийг дэмжиж байна уу. Дөрөвдүгээрт, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн иргэн бүр эзэмшиж байгаа 1072 ширхэг хувьцаанд оногдох ногдол ашгийн хэмжээг тодорхой болгохыг дэмжиж байна уу гэсэн асуултууд багтаж байгаа юм.

Иргэдийн саналын дүнг ирэх даваа гарагт УИХ-д танилцуулах юм байна.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ