"ЭТТ" компанийн ажилчид Ж.Батзандан гишүүнийг дэмжив

Тавантолгойн гэрээнд хувьцаа эзэмшигчийн саналын эрхийг сэргээж, арилжих, ногдол ашиг авах эрхийг тусгай бүлэг болгон оруулах зорилгоор иргэдээс санал авах арга хэмжээ үргэлжилж байна. Энэхүү үйл ажиллагаанд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн төлөөллүүд дэмжин оролцлоо. Тэд МУ-ын хуулийн өмнө хүн бүр тэгш байх ёстой гэсэн зарчмын хүрээнд МУ-ын сайд М.Энхсайханд хариуцлага тооцуулах, улмаар огцруулах ёстой хэмээн үзэж байгаа юм. Учир нь энгийн иргэн ажлын байрандаа ямар нэгэн доголдол гаргавал шууд халагддаг.

Тэгвэл М.Энхсайханы хувьд сайд хүн байлаа ч бусдын адил ажлаа хийж байгаа хүн. Тэгэхээр түүнийг удирдах ажил хийх чадваргүй, түүний дотор гэрээ контракт хийх чадамжгүй учир ийнхүү хариуцлага тооцуулах тухай албан тоотыг Ерөнхий сайдад хүргүүлжээ.Тэдний гол шаардлага бол МУ-ын сайдад тодорхой хариуцлага хүлээлгэх явдал юм. Эс бөгөөс хариуцлага тооцох чадваргүй ЗГ-ыг огцруулах хөдөлгөөнийг орон даяар өрнүүлэхэд бэлэн байна гэдгээ энэ үеэр мэдэгдлээ. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнээс зарим зүйлийг тодруулсан юм.

-Тавантолгойн уурхай ашигтай ажиллаж байгаа талаар мэдээлж байгаа. Энэ хэр бодитой вэ?

-”Эрдэнэс Тавантолгой” компани ямар ч хөрөнгөгүй, 350 сая долларын өртэй байсан. Өнөөдөр бид тэр өрийг нүүрсээр нь төлөөд 143 сая долларын өртэй үлдсэн. Хэрэв “Чалко” компани маргаашнаас эхлээд татаж авч чадна гэвэл манай уурхайн аман дээр “Чалко”-д өгөх нүүрс бэлэн байгаа. Ажилчдын хувьд нийгмийн асуудлыг хангалттай шийдэж өгч байгаа гэж болно. Тухайлбал, манай ажилчид 14:14 хоногийн ээлжээр ажилладаг болсон. Нэг ажилтан сая 200 мянгаас дээш төгрөгийн цалин авдаг болсон. Тэгэхээр энэ бол төрийн өмчит компанийн нийгмийнхээ өмнө хүлээсэн үүргээ ээдрээтэй ч гэсэн замаар шийдэхийг хичээж байгаа явдал юм.

-Өнөөдөр та бүгдийн энд ирсэн зорилго юу вэ?

-Өнөөдөр манай компани горимынхоо дагуу ажлаа явуулдагаараа явуулж байна. Гэхдээ бид цаашдаа компаниа аврахын төлөө, зогсоохгүйн төлөө Ж.Батзандан гишүүний зохион байгуулж байгаа энэ арга хэмжээнд нэгдэн оролцож байгаа юм. Түүний энэ ажлыг бид дэмжиж байгаагийн зэрэгцээ ажлаа хийх чадваргүй сайдыг огцруулах саналаа дахин сануулахаар ирсэн юм.

- Хүмүүс халагдаж байгаа тухай мэдээлэл байна л даа. Ажлын байрны баталгааны талаар та юу хэлэх вэ?

-Энэ асуудал компаниудад элбэг байдаг. Харин сүүлийн хоёр жилийн хугацаанд манайд ийм асуудал бүрэн зогссон гэж хэлж болно. Гэхдээ Энержи Ресурс компани бол дуртай цагтаа хүмүүсээ халах чадвартай. Тэндээс манайд олон ажилчид орж ирсэн. Тэд бидэнтэй байнгын холбоотой байдаг. Танай ажлын орчин нөхцөл үнэхээр сайн юм аа гэж бидэнд хэлж байсан. Бид үүнийгээ л хамгаалж үлдэхийг хүсч байна.

-Гэрээ хийгдээгүй байхад “Энержи Ресурс”-ээс ямар нэгэн байдлаар та бүхэнд нөлөөлж байна гэсэн мэдээлэл байна. Энэ талаар?

-Ажилчдын сэтгэл санаанд нөлөөлөх, биднийг хагаралдуулах ажил зөндөө явуулсан. Тэр бүү хэл, удирдлагуудын дунд ч ийм үйл ажиллагааг явуулж байгаа. Гэсэн ч бид үүнийг тоогоогүй, ажлаа хийдэгээрээ хийгээд л явж байна даа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ