Зууны тулаан цаазын ялтай эмэгтэйг аварлаа

Маргааш АНУ-ын Лас-Вегасын МGM Grand-д болох Мэнни Пакьяо болон Флойд Мэйвезерийн халз тулгаралтыг тэртээ 1971 онд болж байсан Мухаммед Али, Жо Фрезер нарын тулаантай харьцуулж "Зууны тулаан" хэмээн нэрийдэж байна.

Энэ хоёр боксчны хооронд тоглолт зохион байгуулахаар 2008 оноос хойш яригдаж ирсэн юм. Одоо 36 настай Мэнни Пакьяо найман жингийн дэлхийн аварга хэмээх сүрдмээр гуншинтай бөгөөд мэргэжлийн боксчдын дунд хамгийн дээд үзүүлэлт нь юм. Харин Флойд Мэйвезер таван жингийн дэлхийн аваргын бүсний эзэн.

Флойд Мэйвезер мэргэжлийн боксын дэвжээнд 47 тулаан явуулж бүгдэд нь ялалт байгуулсны 26 нь нокаутаар дуусгасан байв. Мэйвезер одоогоор ялагдаж үзээгүй. Пакьяо нь 64 тулааны 57-д нь (38 нокаут) ялж, таван удаа ялагдаж, хоёрт нь тэнцжээ.

Мэйвезер, Пакьяо хоёр Форбес сэтгүүлийн 2014 оны хамгийн өндөр хөлстэй тамирчдын дотор боксыг төлөөлсөн гэхээр яах аргагүй юм юмаараа энэ цаг үеийн мэргэжлийн боксын шилдэг хоёр нь болоод байна.

Мэнни Пакьяо HBO сувагтай, Флойд Мэйвезер нь Showtime сувагтай гэрээтэй гэж үзвэл энэ хоёр сувгийн боксчдын дунд хамгийн сүүлд 12 жилийн өмнө тулаан болж байлаа. Тэр үед Леннокс Льюис ба Майк Тайсон хоёрын тоглолтын тасалбар 54,95 долларын үнэтэй байж 1,97 сая захиалагч нар зохион байгуулагчдад 100 саяын ашиг өгч байлаа. Тэр үед агуу Майк Тайсон 17,5 сая долларын шагналыг авч байв.

Ямар тулаанд "Зууны тулаан" хэмээх тодотголыг өгдөг вэ

“Зууны тулаан” гэх албан ёсны бус нэрийг мэргэжлийн боксын хамгийн чухал бөгөөд олон үзэгчдийн хүлээж буй тоглолтод олгодог. ХХ зууны зөвхөн гурван тоглолт л тийм нэртэй байлаа. Өнгөт арьстан дэлхийнанхны аварга Жек Жонсон, цагаан арьстан нокаутлагч гэсэн нэртэй ахмад боксчин Жефф Жефрисстай 1910 онд хийсэн тоглолт, 1938 оны Жо Луисийн хариугаа нэхэхээр немцийн хүнд жингийн тамирчин Макс Шмеллингтай хийсэн тулаан, Мохаммед Али, Жо Фрезер хоёрын 1971 оны тоглолт гурав л зууны гэсэн тодотголтой байсан юм. Сонирхолтой нь тэр гурван тулаанд өнгөт арьстнууд л ялж байлаа.


Хэн нь ялах бол

Хоёр боксчны тулаанд хэн ялах вэ гэсэн асуулт олны анхаарлыг их татаж байна. Асар их мөнгөөр үнэлэгдэж байгаа болохоор шоу төдий болно гэсэн яриа хүчээ авч байгаа юм. Тэгвэл Флойд Мейвезерийн дасгалжуулагч үүнийг үгүйсгэсэн. Тэрээр "Энэ тоглолтын үнэ цэнийг мөнгө алдагдуулаад байна. Хоёр боксчин зөвхөн мөнгөний төлөө тоглож байгаа юм биш. Тэд бол өнөө цагийн брэнд болсон тамирчид. Хэн нь шилдэг вэ гэдгээ тодруулна. Бид энэ талаас нь харж байгаа. Мэдээж тэд их мөнгө авна. Гэхдээ мөнгөнөөс илүү үнэ цэнэтэй зүйл бий. Энэ бол ялалт. Үүнийг хоёулаа хүсч байгаа гэж ярьжээ. Тэгвэл нэгэн цагт Тайсанд чихээ тас хазуулж явсан алдарт боксчин Эвандер Холифилд "Үнэхээр гайхалтай тулаан болно. Цагтаа намайг Тайсонтой тулалдахад ч дэлхий нийтийн анхаарал ийм хүчтэй байгаагүй билээ. Миний бодлоор тоглолт эн тэнцүү өрнөнө. Эцсийн дүнд Мэнни Пакьяо оноогоор ялна" гэж ярьсан байна.

Мэргэжилтнүүдийн дүгнэлтээр энэ тулаанд Флойд Мейвезер ялах магадлал 60 хувь гэнэ. Хэрвээ тэр ялагдвал даагаа нэхэх гэж үзнэ. Гэвч Мэнни Пакьяо дахин тулалдахгүй гэж хэлчихсэн учраас түүнд ийм боломж гарахгүй ажээ.

Дуулианы хажуугаар шуугиан

Тулааны өмнө боксчидтой холбоотой янз бүрийн л үнэн худал нь мэдэгдэхгүй шуугиан дэгдэж байдаг. Тэгвэл Мэнни Пакьяо эх орон нэгтэй нэгэн эмэгтэйг цаазын ялнаас аварсан нь түүнийг шүтэн биширдэг фэнүүдийг нь галзууруулах шахсан гэнэ. Сайн утгаараа шүү.

Мэри Жейн Велозе хэмээх эмэгтэй өөр долоон хэрэгтний хамтаар хар тамхи наймаалсан хэргээр Индонези улсад цаазын ял сонсоод байжээ. Цаазын ялыг өчигдөр гүйцэтгэх ёстой байтал Мэнни Пакьяо Индонезийн Ерөнхийлөгчид хандан Мэри Жейн Велозег өршөөхийг хүсч, захидал илгээсэн нь санаанд багтамгүй явдал болжээ.

“Ноён Ерөнхийлөгч өө, би тавдугаар сарын 2-нд Флойд Мейвезерийн эсрэг тулаан хийх болно. Энэ тулааныг “Зуун тулаан” гэж нэрлэж байгаа. Гэхдээ би үүнээс өмнө хүний амийг аварч чадвал өөрийгөө энэ тулаанд ялчихсан гэж бодох болно. Би энэ тулааныг эх орныхоо төлөө, Индонез, Филиппин улс оршдог Ази тивийнхээ нэр төрийн төлөө хийх гэж байна” хэмээн Мэнни Пакьяо захидалдаа дурьджээ. Индонезийн Ерөнхийлөгч хоёр боксчны тоглолтыг тэсэн ядан хүлээж байсан нэгэн таарч хууль цаазыг огтхон ч тоолгүй Мэри Жейн Велозегийн амийг өршөөжээ. Ийм санаанд багтамгүй гайхалтай явдлын дараа Мэнни Пакьяогийн нэр хүнд Филиппин болон Өмнөд Азийн орнуудад бурхдын дайтай өслөө хэмээн олон улсын хэвлэлүүд бичиж байна.

Н.Төгс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ