“Хүүгийн минь уйлах чимээ нурангин дороос сонсогдож байсан”

-Расмила Авал хүүгийн хамт-

Балбад хүчтэй газар хөдлөлт болсноос хойш 22 цагийн дараа аврагчид нурангин дороос 4 сартай хүүхдийг эсэн мэнд аварсан тухай мэдээлэл олон сая хүнд итгэл найдвар бэлэглэсэн юм. Албаны хүмүүс хэдхэн хоногийн өмнө Сонит Авал хүүгийн биеийн байдал тогтвортой байгаа хэмээгээд түүний эцэг эхийн талаар ямар нэгэн мэдээлэл гараагүй гэж байв.

Тэгвэл хамгийн сүүлд ирсэн мэдээгээр бяцхан хүүгийн гэр бүлийнхэн эсэн мэнд байгаа гэнэ. Газар хөдлөлт болох үеэр хүү дээд давхарт унтаж байсан бөгөөд түүний дээр унасан шүүгээ хүүгийн амийг аварсан байна. Гэр нь газар хөдлөлтөд сүйдсэний дараа Сонит хүүгийн гэр бүлийнхэн түүнийг аврахын тулд нүцгэн гараараа нурангийг ухаж эхэлсэн боловч мэргэжлийн тоног төхөөрөмжгүйгээр хүүг аврах ямар ч боломжгүй болоод байжээ.

Харин аврагчид хүүг нь эсэн мэнд гаргаж ирсэнд хэмжээлшгүй баяр хөөртэй байгаагаа Расмила Авал “DailyMail” сонинд ярьсан юм. Хүүгээ аврахын тулд 10 настай бяцхан эгчээс нь эхлээд гэр бүлийнхэн, найз нөхөд, хөршүүд нь шөнө дөл болтол нурсан барилгыг ухсан гэж Расмила Авал ярьсан байна.

“Надад хүүгээ аврахаас өөр юуг ч бодох сөхөө байгаагүй. Цурам хийж ч чадалгүй, амандаа өмх хоол идэлгүй хүлээсээр байсан. Хүүгийн минь уйлах чимээ нурангин дороос надад сонсогдож байсан юм” хэмээжээ.

Ачааны машины жолоочоор ажилладаг байсан хүүгийн эцэг Шам Кришна Авал газар хөдлөлтийн үеэр амьд гарсан боловч төрсөн ахыгаа алдсан гэнэ. Гэхдээ хүүгээ аврагдсанд туйлын баяртай байгаагаа илэрхийлсэн байна.

Авалын гэр бүлийнхэн аймшигт газар хөдлөлтийн улмаас орон гэргүй болсон олон мянган гэр бүлийн нэг юм. Одоо тэд нийслэл Катмандугаас холгүй орших Бхактапурт бусад иргэдийн хамт майханд амьдарч байгаа гэнэ.

Б.Саруул

-Сонит Авал хүү ээжийнхээ тэвэрт тайван унтаж байна-

-Газар хөдлөлт Авалын гэрийг ийм болгожээ-

-Хүүг нурангин дороос гаргах үеэр-

-Хүүгийн гэр бүлийнхэн аврагчдад талархаж байна-

-Хүүг энэ нурангин дороос гаргаж авчээ-

-Авалын гэр бүлийнхэн-

-Сонит Авал хүү аав, ээж, эгчийнхээ хамт-

СЭТГЭГДЭЛ БИЧИХ