Кино урлагийн загварлаг ханхүү буюу Азийн топ модель О.Мөнхдалай

Загварын тайзан дээр гаргасан бахархам амжилтуудаа кино урлагийн салбарт тун ч чадварлаг үргэлжлүүлж яваа О.Мөнхдалайг зүрхэндээ “онилсон” охид бүсгүйчүүд олон. “Хувьсал” продакшны дэлгэцийн хоёр дахь уран бүтээл буюу “Зүрхээр наадагч” киноны Билгүүн хэмээх ухаалаг сайхан залуугийн дүрд чамлахааргүй сайн тоглосон түүний жүжиглэх чадварыг ч урлагийн мэргэжилтнүүд өндрөөр үнэлсэн байдаг.
Царай зүс, бие галбир төдийгүй авьяас чадварын хувьд өнөө цагийн дэлгэцийн сайхан залуусаас дутах зүйлгүй гэгдэж буй О.Мөнхдалай 2009 онд БНСУ-д зохиогдсон загварын наадмаас “Азийн топ модель”, “Гоёл-2011” наадмын “Шилдэг эрэгтэй загвар өмсөгч” шагналыг тус, тус хүртэж байжээ. Кино урлагийн салбарт өнгө нэмэн, цоо шинэ “од” болон гялалзаж эхэлсэн түүнийг шаггүй сайн загвар өмсөгч, бас жүжигчин гэж үзэгч фэнүүд нь хэдийнэ үнэлээд байгаа.
“Зүрхээр наадагч” киноны сонгон шалгаруулалтад оролцсон 80 гаруй залуусаас авьяас билэг, хичээл зүтгэлийнхээ ачаар эрхгүй ялгарч Билгүүний дүрд тоглохын тулд хоёр сар гаруй хугацаанд бэлтгэсэн гэдгээ нуугаагүй тэрбээр өмнө нь ямар нэгэн кино, клипэнд тоглож байгаагүй юм билээ.
Дэлгэцийн анхны бүтээл нь ийнхүү уран бүтээлчид төдийгүй үзэгч олны зүгээс ихээхэн дэмжлэг авсанд загвар өмсөгч О.Мөнхдалай ч ихэд урам зоригтой яваа нь тодорхой. “Хувьсал” продакшны ерөнхий захирал, МУГЖ У.Уранчимэг түүнд дахин итгэл хүлээлгэж, дэлгэцийн гурав дахь уран бүтээл нь болох “Тооцоогүй тоглоом” киноныхоо гол дүрд хуваарилсан аж. Өдгөө энэ тавдугаар сарын 08-нд бүх кинотеатруудын дэлгэцнээ нээлтээ хийх уг киноны зураг авалтын үеэр эрхэм гавьяат маань урьдын адил бүхий л зүйл дээр зөвлөгч, багш нь болж байсан гэнэ. Мөн энэ хугацаанд өөрсдийн “Хувьсал” театрт загвар өмсөгч залууг сургаж, жүжигчний уран чадвар болон бусад талын мэдлэгийг олгох хичээл хүртэл заалгаж байжээ.
Уран бүтээлч хамт олон, багш нарынхаа итгэлийг дааж сайтар суралцсан О.Мөнхдалайгийн хичээл зүтгэл ч талаар өнгөрсөнгүй. Үргэлж л шинийг сэдэж, уран бүтээлийн эрэл хайгуул хийж явдаг МУГЖ У.Уранчимэгийн хатуухан шалгуурыг давж, “Тооцоогүй тоглоом” киноныхоо зураг авалтыг амжилттай дуусгасан тэрбээр “Хувьсал” продакшны гэрээт жүжигчнээр ажиллах болсон гэнэ шүү.
Ийн кино урлагийн загварлаг ханхүүгээр тодроод байгаа О.Мөнхдалай одоо мэргэжлийн жүжигчин болохоор шамдаж, тайз дэлгэцийн бүтээлд авьяас чадвараа сорьж эхэллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ