Амжилттай яваа хүмүүсийн өглөөний цайнаасаа өмнө ”хийдэг - 12” зүйл

Цагийн менежментийн эксперт, сэтгүүлч, зохиолч Лаура Вандеркэм хүмүүсийг хэрхэн утга учиртай амьдралыг бий болгоход чиглүүлж урам зориг, эрч хүч хайрласан олон гайхалтай номыг бичжээ. Эдгээрийн нэг бол “What the Most Successful People Do Before Breakfast” (2013) нэртэй бүтээл бөгөөд энэхүү номд амжилтанд хүрсэн бизнес эрхлэгчдийн өглөөний цайгаа уухаас өмнө юу юу хийдэг тухай өгүүлсэн юм.

Ингэхдээ тэрбээр салбар салбартаа амжилттай яваа CEO нартай уулзаж өглөө боссоныхоо дараа юу юу хийдэг болохыг нь нарийвчлан судалсан нь хамгийн бодит агаад үр өгөөжтэй байсан билээ. Ингээд та бүхэндээ түүний бичсэн номноос товчлон амжилттай хүмүүсийн өглөө бүр хийж хэвшсэн дараах 12 зүйлийн тухай толилуулж байна.

Бүтээлч өглөөг тэд “эртлэн” босч угтдаг

Амжилтанд хүрсэн хүмүүсийн хувьд цаг гэдэг бол алтнаас ч илүү үнэтэй зүйл юм. Өглөөний цагийг ашигласнаар тухайн өдөр хийхээр төлөвлөсөн бараг бүх ажлаа амжуулчихсан байдаг учир олонх нь ургах нарнаас урьтаж өглөөг эртлэн угтдаг байна.

Түүний судалгаанд хамрагдсан 20 CEO-гийн 90% нь долоо хоногийн өдөр бүр 06:00 цагаас өмнө босдог гэсэн байна. Тухайлбал “PepsiCo”-ийн CEO Индра Нуйигийн хувьд өглөө бүр 04:00 цагт босдог ба ажил дээрээ 07:00 цагаас хоцролгүй ирдэг. Тэгвэл “Disney”-гийн CEO Боб Айгер 04:30 цагт босч ном уншдаг бол “Square”-ийн CEO Жек Дорси 05:30 цагт босч гүйдэг аж.

Өглөө бүр “биеийн тамираар” хичээллэдэг

Амжилтанд хүрсэн хүчирхэг бөгөөд чинээлэг хүмүүсийн өглөө бүр хийдэг түгээмэл зүйл нь биеийн тамираар хичээллэх явдал байдаг. Зохиолч Вандеркэмын тэмдэглэснээр “Xerox”-ийн CEO Урсула Бернс долоо хоногт хоёр удаа 06:00 - 07:00 цаг хүртэл хувийн бэлтгэлийн цагийг гаргадаг. Тэгвэл “Christies”-ийн CEO Стив Мерфи өглөө бүр йог хийдэг, “Starwood Hotels”-ийн CEO Фриц ван Паасшен 05:30 цагаас эхлээд нэг цагийг гүйлтээр хичээллэж өнгөрүүлдэг ажээ.

Тэднийг бусадтай харьцуулахад амьдралын харьцангуй завгүй хэв маягтай хүмүүс ч гэсэн биеийн тамираар хичээллэхэд заавал цаг гаргадаг юм. Өглөө бүрийг биеийн тамираар хичээллэж угтах нь стрессээс ангижруулаад зогсохгүй жин нэмэхээс сэргийлж, тайван нойрсоход тусалдаг билээ.

Хамгийн “чухал” гэсэн ажил дээрээ төвлөрдөг

Өглөө эртлэн боссоноор ямар ч зүйлд сатааралгүйгээр хамгийн чухал гэсэн ажил дээрээ анхаарлаа төвлөрүүлж чаддаг юм. Энэ хугацаанд гэр бүлээсээ гадна зөвхөн ажилдаа л анхаарал хандуулах боломжтой байдаг.

Тухайлбал бизнес - стратегич Дебби Мойсичин өглөөний цагийг тухайн өдрийнхөө голчлон авч үзэх нэн шаардлагатай төсөл хөтөлбөрүүдийг эрэмбэлж сонгоход зориулдаг. Түүнийг өглөө бүр 06:30 цагт босоход анхаарлыг нь сарниулж сатааруулах зүйл ганц ч байдаггүй учир тэрбээр чухал гэсэн ажилдаа анхаарлаа хандуулж чаддаг нь амжилтынх нь нууц ажээ.

Хувийн төлөвлөгөөгөө “амжуулахад” зориулдаг

Амжилтанд хүрсэн олонх хүний хувьд бүхий л өдөржингөө бизнесийн уулзалттай байх нь энгийн үзэгдэл байдаг. Тэгэхээр тэдгээр хүмүүс өглөөг эртлэн угтсанаар зөвхөн өөртөө л зориулсан хувийн цагийг хангалттай гаргаж чаддаг. Тэд өглөө бүр тодорхой цагийг хувийнхаа төсөл төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд зориулснаар өдрийг эрч хүчтэй эхлүүлдэг.

Тухайлбал түүхийн багш Шарлотт Уолкер Саидын хувьд өглөө бүр 06:00 - 09:00 цагийг Баруун Африкийн шашин, улс төрийн тухай бичиж байгаа номоо үргэлжлүүлэхэд зориулахаас гадна сонин сэтгүүл, заах хичээлийнхээ тухай уншдаг. Өглөөний цагийг бичихэд зориулж үүнийгээ зуршил болгоно гэдэг нь амьдралынх утга учрыг нэгээр нэмсэн юм. Зохиолч Вандеркэмийн залуу профессоруудын дунд явуулсан судалгаагаар өдөр бүр бичиж занших нь тухайн зүйлдээ бага багаар гаршиж гаргуун мэдлэгтэй болохын илрэл юм.

Үнэ цэнтэй цаг хугацааг “гэр бүлтэйгээ” өнгөрүүлдэг

Амжилтанд хүрсэн хүмүүсийн гэр бүлдээ зориулах цаг хугацаа нь оройн цагаар биш эсрэгээрээ өглөөний цагаар байдаг. Тухайлбал Нью Йоркийн санхүүгийн төлөвлөгч Жуди Розенталь өглөө бүр 45 минутыг охиндоо зориулдаг гэнэ. Тэрбээр охиноо хувцаслахад нь тусалж, орыг нь хураахаас эхлээд охинтойгоо хамт зураг зурж, өглөөний цайгаа хамт бэлдэж, харилцан яриа өрнүүлдэг байна. Түүний хувьд ахархан боловч энэ 45 минут тухайн өдрийнхөө хамгийн үнэ цэнтэй хором байдаг.

Эхнэр / Нөхөртөө цаг гаргадаг

Өдөр бүр ачаалалтай ажилладаг учир амжилтанд хүрсэн хүмүүсийн хувьд оройн цаг хугацаа бол унтаж амрах цаг хугацаа байдаг. Тийм ч учраас амжилттай яваа олонх хүмүүс өглөөний цагийг эхнэр эсвэл нөхөртөө зориулах нь бий. Судалгааныхаа явцад зохиолч Вандеркэмд “Тэгээд хэзээ нь секс хийдэг юм бэ?” гэсэн бодол орж ирсэн гэдэг. Тэгвэл тэдний зарим нь орой бүр тогтмол сексийн харилцаанд ордог гэнэ. Тогтмол сексийн харилцаанд орох нь та биднийг ухаантай болгож, орлогыг нэмэгдүүлэхээс эхлээд жингээ барихад тусалдаг.

Амжилтанд хүрсэн хүн бүр өглөөг дэггүйтэж угтдаггүй ч ихэнх нь өглөөг эхнэр эсвэл нөхөртөө зориулдаг. Тухайлбал “BlackRock”-ийн CEO Оби Маккензи эхнэртээ өглөө бүр нэг цагийг зориулдаг байна. Тэрбээр эхнэрийнхээ хамт Нью Йорк хотын захаар зугаалж энэ хооронд амьдралынхаа тухай, санхүүгийнхээ тухай, гэрийн ажил, долоо хоногийн төлөвлөгөө зэргээ гаргадаг гэнэ.

Кофе уунгаа бусадтай “холбоо” тогтоодог

Зохиолч Вандеркэмийн онцолсноор зарим хүмүүсийн хувьд өглөөний цайгаа гэртээ биш ижил санаа бодол, нэг зорилгын төлөө ажиллаж байгаа эсвэл нэг зүйлд сонирхолтой салбар салбарын хүмүүсийг нэгтгэсэн танил бөгөөд танил бус шинэ хүмүүстэй ууж угтах нь харилцаагаа тэлэх сайхан боломж болдог байна.

Тухайлбал Нью Йоркийн нэгэн хуульч Кристофер Колвин өглөө бүр 05:30 цагт босч нохойгоо салхилуулчихаад ном уншдаг. Харин Лхагва гараг бүр “IvyLife” нэртэй бүлгийнхээ өглөөний цайны уулзалтанд явдаг. Түүний хувьд ингэж эхлүүлсэн өглөө нь хамгийн эрч хүчтэй, бүтээлч байдаг гэжээ.

Бодлоо цэгцлэхийн тулд “бясалгал” хийдэг

Бүтээлч хүмүүс өөртөө байгаа нөөц бололцооноосоо илүү ихийг хийхийг эрмэлздэг учир хийх ёстой зүйлсээ байнга тунгааж байдаг. Ар араасаа хөврөн үргэлжлэх хязгааргүй энэ бодлуудаа цэгцэнд нь оруулж тархиа амраахын тулд тэд бясалгал хийдэг юм.

“MoneyZen Wealth Management”-ийг үүсгэн байгуулагч Маниша Такор бодол санаагаа цэгцлэхийн тулд өглөө бүр бясалгадаг. Тэрбээр өдөрт 20 минутаар хоёр удаа бясалгадаг ба нэгийг нь өглөөний цайны өмнө, нөгөөг нь орой хийдэг аж. Түүний хувьд бясалгах нь урьд өмнө мэдэрч байгаагүй амьдралыг тэтгэгч хамгийн гайхалтай зүйлсийн нэг хэмээн онцолжээ.

Талархаж явдаг зүйлсээ “жагсаан” бичдэг

Хэн нэгэн эсвэл ямар нэгэн зүйлст чин сэтгэлээсээ талархсан сэтгэлээ илэрхийлж талархлын тэмдэглэл хөтөлнө гэдэг амжилттай яваа хүмүүсийн хувьд ажилдаа очихын өмнө зайлшгүй хийх ёстой хамгийн сайхан зүйлсийн нэг байдаг. Талархаж буй хүмүүс, газар орон, боломжуудаа тэмдэглэхэд хэдхэн минут зарцуулагдах ч гэлээ өглөөний цагаар асар их эрч хүч өгч, амьдралыг харах эерэг өнцгийг бий болгодог.

Тухайлбал эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Венди Кей өглөөг талархлын тэмдэглэл бичиж эхлүүлэх нь урам зориг хайрлаж, урагшлах эрч хүчийг өгдөг гэжээ.

Сэргэг өглөөг тэд ажлаа “төлөвлөхөд” зориулдаг

Ирээдүйн төлөвлөгөөгөө өдрөөр, долоо хоногоор, магадгүй сараар төлөвлөх нь цагийн менежментийн хамгийн чухал алхмуудын нэг билээ. Өглөө эртлэн босч ирээдүйгээ төлөвлөх нь нэн чухал зүйлсдээ анхаарч, амьдралаа төсөөлөхөд нэн тохиромжтой онцгой хором байдаг.

CEO-гийн ажлаа багшийн мэргэжлээр сольсон Кристин Галиб өглөө бүр 05:00 цагт босч биеийн тамираар хичээллэдэг. Тэгээд Библи уншдаг ба өглөөний цайгаа уухаас өмнө хийх зүйлсийнхээ жагсаалттай танилцдаг. Түүний хувьд өглөө бүрийг угтдаг энэ дадал зуршил нь өдрийг илүү цэгцтэй, бүтээмжтэй байхад тусалдаг гэжээ.

Тэд и - мэйлээ шалгадаг

Цагийн менежментийн талаар зөвлөгч эрхмүүд и - мэйл шалгахыг аль болох хойш тавихыг хүсдэг ч амжилттай яваа ихэнх хүмүүс өглөөг и - мэйлээ шалгаж эхлүүлдэг нь нууц биш. Тэд мэйлээ хурдан шалгачихаад шаардлагатай чухал мэйлд анхаарлаа хандуулж , сэргэг байхдаа хариу өгөхийг эрмэлздэг.

Тухайлбал “The Happiness Project” номын зохиолч Гретхен Рубин өглөө бүр 06:00 цагт босдог. Тэгээд гэрийнхнийгээ 07:00 цагт босохоос өмнө и - мэйлээ шалгаж, өдрийнхөө ажлыг төлөвлөхийн сацуу нийгмийн сүлжээ вебсайтуудаар ордог. Тэрбээр амьдралын энэ хэв маяг нь түүнийг өмнөө тулгарсан аливаа бэрхшээлийг даван туулах эрч хүч өгдөг хэмээсэн байна.

Тэд цаг үетэйгээ “хөл нийлүүлэн” алхдаг

Мэдээллийн зуунд амьдарч байгаа та бидний хувьд цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхах нэг арга зам бол мэдээлэлтэй байх явдал билээ. Мэдээлэл гэдэг цаг үетэйгээ хөл нийлүүлэхээс гадна түрүүлж алхах ч боломжийг өгдөг хүчирхэг зэвсэг юм. Энэ ч утгаараа амжилтанд хүрсэн хүмүүс өглөө бүрийг сонин сэтгүүл гарчиглах, зурагтаар мэдээллийн хөтөлбөр үзэхэд зориулдаг байна.

Тухайлбал “GE”-ийн CEO Жефф Иммельт өглөөг дасгалаа хийж эхлүүлээд дараа нь сонин гарчиглаж, “CNBC” сувгаар мэдээ үздэг. Тэгвэл “Virgin America”-ийн CEO Дэвид Куш өглөөг радиогоор спортын мэдээ сонсож, сонин уншиж эхлүүлдэг. Энэ бүхнийг тэрбээр фитнест дугуй унангаа хийдэг байна.

Ингээд тэд ажилдаа явахдаа дэлхий дахинд юу болоод байгаа талаарх тодорхой мэдээлэлтэй болсон учир өдөр тутмын, цаашдын бизнесийн ажилдаа тусгаж үйл ажиллагааныхаа чиглэлийг тодорхойлж байдаг юм.

Эх сурвалж: www.lauravanderkam.com

СЭТГЭГДЭЛ БИЧИХ