Догшин Ашока бурхны шашинтай холбогдсон нь

Эртний Энэтхэгийн их хаадын нэг Ашока хаан бол Бурханы шашны эртний түүхтэй гүн холбоотой хаан юм. Тэрбээр МЭӨ 304-232 онуудад амьдарч байсан бөгөөд тухайн үеийн Мауря \Maurya\ гүрний эзэн байв. Нийслэл нь одоогийн Бихар хот юм. Тухайн үед Энэтхэг орон олон хаант улсад хуваагддаг байсан ба хоорондын зөрчил тулаан ихтэй байжээ. Тэр дундаас Ашока хаан бээр үлэмж дайнч, догшин хаан байсан байна.

МЭӨ 261 онд Калинга улсын нэгэн удирдагч Карабела ба Ашока хааны хооронд дайн дэгдсэнээр түүхэнд Калингагийн дайн \Kalinga war\ хэмээн тэмдэглэгдсэн дайн болжээ. Калингагийн дайн бол дэлхийн түүхэнд дэхь хамгийн их цус асгаруулсан дайнуудын нэг гэгддэг. Тэр дайнд Маурягийн талын 100 000 хүн, Калинга-гийн талаас 150 000 хүн амь эрсэдсэн бөгөөд Даяа гол улаанаар урсаж байсан гэдэг. Уг дайн Ашока хааны шийдэмгий ялалтаар төгссөн боловч дайнд үхэгсэдийн дүрийг өөрийн нүдээр харсан Ашока хаанд асар их уй гашуу, гэмшил харуусал, өрөвдөх сэтгэл төрснөөр Гуатама Буддагийн сургаал номлолыг дээдлэн эрхэмлэх болжээ.

Тэрээр өөрийн бүхий л боломжоор Буддын шашныг дэлгэрүүлэн түгээж, ертөнцийн олон амьтан, ургамал газар дэлхийд тус ихтэй хэмээсэн гүн их итгэлээр, Бурхан багшийн амьдралтай холбоотой газруудад олон тооны байгууламж, дурсгал, суврага зэргийг босгосон юм. Тэдгээр суврага байгууламжуудаас дурдваас:

- Бурхан багшийн Цагийн хүрдэнийг номлосон Санчи дахь Их суврага,



- Бурхан багшийн эхээс мэндэлсэн Лүмбэн дэхь Ашока хааны багана,



- Бурхан багшийн гэгээрсэн Бодьгаяа дахь Их бодь сүм суврага,



- Сарнад дахь Арслан хот \Энэтхэгийн үндсэний билэг тэмдэг\ зэрэг бөгөөд эдүгэгийн Энэтхэг улсын төрийн далбаан дээрх хүрд нь Ашока хааны хүрд хэмээн алдаршсан билээ.

-Одоо Афганистаны Бамяан мужид орших хамгийн эртний гэгддэг асар том хэмжээтэй Будда бурханы хадан уулан дээр сийлж хийсэн хөшөөг Ашока хаан урлуулсан гэдэг.


Ашока хаан бээр олон тооны суврага бүтээх, шашныг тэтгэн дэлгэрүүлэх талаар Бурхан багш иш бошго үзүүлсэн нь Үлгэрийн далай сударт буйг дор сийрүүлэн бичвэй.

АШОКА ХААН

Ийн хэмээн миний сонссон нэгэн цагт Ялж төгс нөгчсөн бурхан Ялгууч хаан хөвүүний цэцэрлэгт Ариун идээ өглөгт хаан хүүгийн баясгалант хүрээнд суун авой. Тэр цагт ялж төгс нөгчсөн бурхан Анандтай бинваад идээнд явах замд хэдэн бяцхан хөвгүүд сангийн гэр ба байшин босгож эрдэнэсийн сан болгож, элс овоолж тоглож байв. Тэдний дотроос нэг хөвгүүн бурханыг холоос үзэж маш баясаад буян өргөсүгэй хэмээн сэтгэж, сан болгож тавьсан тэр элснээсээ нэгэн атгыг аваад бурханд өргөвөөс хүүхэд жижигхэн тул бурханы өвдөгнөөс дээш үл хүрэх тул нэгэн хүүхдэд чи бөхийж бай! Би нуруун дээр чинь гараад элсэн санг бурханд өргөсүгэй гэхэд тэр хөвгүүн түүний үгээр бөхийж, нөгөө хөвгүүн түүний мөрөн дээр гараад нэгэн атга элсээ бурханд өргөхөөр тэмүүлэв. Бурхан өмнөөс угтан очиж, бадар аягандаа хийлгэж авав. Түүнийгээ Анандад өгч чи энэ шороог сүм хийдүүдэд цацсугай хэмээн зарлиг болоод энэ өчүүхэн хөвгүүн баясгалант сэтгэлээр надад өөрийн алтан сангаасаа атга дүүрэн өргөснийг сүмд цацсаны буяны ачаар нирваан болж зуун жил болсны хойно тэр хөвгүүн Ашока нэрт болон төрнө. Түүний хэлснээр бөхийж өгсөн хөвгүүн мэргэн түшмэл болон төрж Замбутивийг эзлээд Гурван эрдэнийн эрдмүүдийг хамаг олонд алдаршуулж шарилыг дэлгэрүүлэн тахимой. Замбутивд найман түмэн дөрвөн мянган суврагыг нэгэн цагт үүсгэх болюу хэмээн зарлиг болсонд Ананд баясан биширч ялж төгс нөгчсөн бурханаа ийн хэмээн өчив.
- Түүнчлэн ирсэн бурхан эрт ямар буян үйлдсэнээр шарил дор төдий суврага үүсгэмой хэмээн өчвөөс бурхан зарлиг болруун:
- Анандаа чи сайн сонсоод оюундаа тогтоосугай. Би чамд номлосугай. Эрт энэ Замбутивд биеэрээ Тахин чадагч нэрт хаан бөлгөө. Тэр хаан найман түмэн дөрвөн мянган өчүүхэн хаадтай бөлгөө. Тэр хааны цагт Бурша нэрт бурхан ертөнцөд өөд болж ирсэнд хааны түшмэл сэлт дөрвөн зүйл хэрэглэгдэхүүнийг бэлтгээд бурхан ба хуврагуудад өргөв. Тэр цагт хаан ба улс дахь хамаг хүмүүс нь хүслээрээ бурханыг тахин мөргөөд өргөн хүндлэв. Бусад өчүүхэн хаад нь буяныг үл үйлдэх ажуу. Тэдгээр хязгаар дахь өчүүхэн хаад ба улс иргэдийг номонд оруулахын тулд бурханы хөрөг зурж, өчүүхэн хаадад өгсүгэй хэмээн сэтгэж олон зурагчинг цуглуулан та бүгд бурханы биеийг сайтар зуртугай хэмээн зарлиг болсонд тэдгээр зурагчин нь бурханыг нүдээр үзэхээр одоод бурханы билгийг үзэж зурахуйд энэ билгийг зурваас нэгийг адил эс болсонд зураачид зурж эс чадав. Төдий бурхан өөрөө будаг бэлтгээд нэгэн хөргийг зурж өгсөнд тэдгээр зураачид тэр хөргийг үзээд найман түмэн дөрвөн мянган төгс билигт түүнчлэн ирсэн бурханы хөргүүдийг зурж өчүүхэн хаад тутамд тус бүр нэг нэгийг өгч илгээгээд хаад та нар ба хамаг улс иргэн бүгдээр эдгээр бурханы бие хөргийг цэцгүүдээр ба хүжсээр хамаг хэрэглэгдэхүүнээр тахиад мөргөтүгэй хэмээн тунхаг тараасанд тэдгээр улс иргэн нь түүнчлэн ирсэн бурханы биеийн хөргийг үзээд маш баясан биширч өргөн хүндлэн тахив.
Анандаа! Тэр цагт тэр учир дахь Тахин чадагч хаан хэмээвээс би буюу. Тэр цагт найман түмэн дөрвөн мянган түүнчлэн ирсний биеийг зурж хамаг өчүүхэн хаадад өгсний буян ачаар хаа газар төрвөөс дээд язгуурт тэнгэрийн хаан хурмаст болон төрөөд зүс өнгө лүгээ төгөлдөр болоод эдгээ гучин хоёр билиг ба наян сан үлгэрээр чимсэн илт туулж, бурханы хутгийг олсон бөлгөө. Нирваан болбоос шарилд найман түмэн дөрвөн мянган суврага үүсгүүлэх бурхан тийн хэмээн болсонд Ананд ба олон нөхөд илт баясав. Олон нөхөд даган бишрэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ