Ж.Мэндбаяр: Гурван тал 10 тэрбум төгрөгийг нийлж барагдуулах ёстой

"Глоб кредит" хадгаламж зээлийн хоршооны дарга Ж.Мэндбаяр суллагдсан байна. Тэрээр хураагдсан эд хөрөнгө нь хэний гараар ороод үрэн таран хийгдсэн, хууль бус бусад үйлдлүүдийн талаар хэвлэлийн хурал хийлээ.

Тэрээр Багануур дахь 427 дугаар чанга дэглэмтэй хорих ангиас суллагдсан бөгөөд түүнийг бусдаас хадгаламж авах, бусдад орон сууц барьж өгөх, бонд худалдах нэрийдлээрзалилан хийсэн гэх хэрэгт буруутган 10 жил чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн билээ. Шүүхээс нийт 1233 хохирогчид 10 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэсэн байдаг.

Ж.Мэндбаяр “...2006 оны дөрөвдүгээр сарын 14-15 нд шилжих шөнө Улсын мөрдөн байцаах газраас намайг баривчилсан.Энэ ажиллагаа нь шөнийн цагаар болсон бөгөөд шүүхийн шийдвэргүйгээр иргэн миний эрх чөлөөнд халдсан үйлдэл болсон. Баривчлах үед татварын зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн байсан. Мөн албан тушаал ашиглаж хорооны мөнгийг өөрийн компанид зээлдүүлсэн гэсэн хоёр үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн. Үүнээс болж “Глоб кредит” ХЗХ-ны үйл ажиллагааг зогсоосон. Ингэснээр хадгаламж эзэмшигч бухимдаж, хардах сэрдэх зүйл нэлээд гарсан. Мөн “Глоб” группийн бүх хөрөнгийг битүүмжилж, үйл ажиллагааг нь хүчээр зогсоосон. Ерөнхийдөө тус хэрэг дээр татварын болон албан тушаалын хэргүүд нь нотлогдохгүй болоод ирэхээр хоршооны нэрээр мөнгө татаж залилсан гэж өмнөх зүйл ангиудаа өөрчилсөн. Нэг үгээр хэлбэл, хүчээр“Глоб”-ын үйл ажиллагааг зогсоож, хохирогч бий болгосон ийм л бүдүүлэг алхамыг тухайн үеийн эрх баригчид хийсэн. Мөн олон нийтэд “Глоб кредит” ХЗХ луйвраар үйл ажиллагаа явуулдаг хэмээн мэдээлж байсан. Энэ бол хэлмэгдүүлэлтийн сонгодог арга хэлбэр шүү дээ. Тухайн хохирогчид намайг батлан даалтад авахыг удаа дараа хүсч, өргөдөл гаргаж байсан ч хүлээж аваагүй..." гэсэн юм.

“Глоб”-ын хэргийг ихэнхи хуульчид иргэний хэрэг хэмээн үзэж байгаа бөгөөд иргэний хэрэг гэдэг нь тогтоогдсон гэнэ. Тухайн үед 2 тэрбум төгрөгийн хохиролд 27 тэрбум төгрөгийн хөрөнгийг нь хурааж битүүмжилсэнд Ж.Мэндбаяр гомдолтой байна гэдгээ илэрхийллээ. Хэрэв хохирлыг барагдуулсан бол гурван жилийн өмнө суллагдах байсан бол түүний хувьд бүх ялыг биеэр эдэлсэн учраас дээрх хохирлыг төлөхгүй байсан ч болно хэмээн үзэж байгаа юм. Мөн тэрээр "төр, хохирсон иргэд, би гээд гурван тал хохирсон байна.Тиймээс энэ гурван тал 10 тэрбум төгрөгийн хохирлыг нийлж барагдуулах ёстой.Ингэхдээ өмнө нь хууль бусаар үрэгдэж алга болсон бүх хөрөнгийн учрыг олох ёстой.Глобынхон төрөөс дахиж мөнгө нэхэхгүй.Зүгээр хөрөнгөө л авна. Яг ямар байдалтай хурааж авсан тэр байдлаар өгчих.Жишээлбэл, 47 автомашин “Глоб”-оос хураасан байна лээ.Тэр ч бүү хэл, дөрвөн давхар байшинг нэг давхар гэж бүртгүүлээд зарчихсан байгаа юм.Энэ бүх аргаар шамшигдуулсан хөрөнгөө буцааж авъя. Бидний хохирол 10 тэрбум төгрөг. Харин 27 тэрбум төгрөгийн хөрөнгө буцааж авна” гэв. Түүнчлэн “Глоб Кредит” хадгаламж зээлийн хоршооны одоо ч байгаа эд хөрөнгүүдийг буцаан авч зах зээлийн үнээр худалдан борлуулж, иргэдийн хохирлыг барагдуулна гэдгээ мэдэгдлээ.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ