Чарли Эбдо Америкт давтагдах шахав

Энэ оны эхэнд буюу нэгдүгээр сард Францын Чарли Эбдо сэтгүүлийн редакц руу хийсэн аймшигт халдлага дэлхий нийтийг цочроосон юм. Тэгвэл Америкт энэ халдлага давтагдах шахлаа.

АНУ-ын Техас муж улсын Даллас хотод исламын зөнч Мухаммедийн шог зургийн уралдааны шалгаруулалтын арга хэмжээний үеэр зэвсэглэсэн хоёр этгээд халдсан байна.

Энэхүү зөнч Мухамедыг шогоор дүрслэх зургийн уралдаанл оролцогчдын бүтээлийг хүлээн авч эхэлснээс хойш л байнга дарамт шахалт ирсэн бөгөөд зохион байгуулагчдын зүгээс хотын удирдлагуудад хандан хамгаалалт хүсэж байсан аж.

Ингээд шог зургийн уралдааны үеэр зэвсэглэсэн цагдаагийн офицеруудыг хамгаалалтад гаргасан байсан нь нүдээ оносон байна.

Халдлага үйлдсэн этгээдүүд энгийн хүмүүс байгаа газарт нэвтэрч амжилгүй хамгаалагчидтай буудалцаж улмаар хоёр террорист амь үрэгдэж, нэг цагдаагийн офицер шархадсан байна.

Хэргийн газар АНУ-ын “SWAT” тусгай албаны албан хаагчид шуурхай хүрэлцэн ирж халдлага үйлдэгсдийг хөнөөсөн аж.

Хэрвээ хамгаалалт сул байсан бол Чарли Эбдогийн халдлагаас ч илүү ноцтой үр дагавар гарч олон хүний амь эрсдэх магадлалтай байсныг албаны эх сурвалжууд нотолсон байна.

Хамгийн сүүлийн мэдээллээр халдлага үйлдэхийг завдсан хоёр этгээдийг хэн болохыг тогтоосноо цагдаа нар олон нийтэд зарласан байна.

Тэднийг Элтон Симпсон, Надир Суфа гэдэг бөгөөд АНУ-д ажиллаж амьдардаг хэдэн зуун мянган исламын шашинт залуучуудын нэг юм. Мөн тэднийг Исламын улс террорист бүлэглэлтэй ямар нэг байдлаар холбоотой ажиллаж байсан гэх баримтуудыг Холбооны мөрдөх товчоо гэрт нь хийсэн нэгжлэгээрээ тогтоосон гэнэ.

Тэд халдлага үйлдэхдээ машин дотроо тэсрэх бодис бэлдсэн байсныг мөн цагдаа нар аюулгүй болгосон байна.

Энэхүү халдлагаар олон нийтийн анхаарлын төвд ороод байгаа зөнч Мухаммедийн зургийн уралдааны шагналын сан нь 10 мянган ам.доллар байжээ. Гэвч исламын зөнчийг элэглэж, шоглон зурах нь дэлхий дахинаа мусульманчуудын дургүйцлийг ихээр төрүүлдэг юм.

Н.Төгс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ