Чөлөөтийн тамирчид Дубайд саатуулагдлаа

Чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөхөөр Катарын Доха хотыг зорьсон Монголын шигшээ багийн гурван тамирчин, шигшээ багийн дасгалжуулагч Б.Баяраа нарыг визний зөрчилтэй хэмээн Дубайн онгоцны буудалд саатуулжээ.

Энэ тухай ОУХМ Д.Хүдэрбулга фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдээлж, тусгай өрөөнд саатуулагдсан зургаа оруулжээ. Нийт баг бүрэлдэхүүнээс дасгалжуулагч Б.Баяраа, тамирчин Д.Гомбодорж /74 кг/, Д.Хүдэрбулга /97 кг/, Н.Золбоо /125 кг/ нарыгвизний зөрчилтэй хэмээн үзэж, Дубайн хилээр нэвтрүүлсэнгүй. Ийм тохиолдолд ихэвчлэн спорт холбоод баг тамирчдын нэрсийг буруу мэдүүлсэн алдаа гарсан байдаг.

2015 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 6-9-ний өдрүүдэд Катар улсын Доха хотод болно. Тамирчдынхаа асуудлыг Монголын чөлөөт бөхийн холбоо яаралтай шийдвэрлэхгүй бол тэмцээнд амжиж оролцох нь бараг боломжгүй болоод байна. Чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Д.Дагвадорж "Тамирчдад анхаарал хандуулж, арга хэмжээ авахаар ажиллаж байна. Азийн бөхийн холбооны удирдлагуудтай дөнгөж сая уулзлаа. Манай холбогдох албаны хүмүүс тамирчдын мэдүүлгийг оройтуулж өгсөн, паспортын асуудал байсан зэрэг алдаа гарсан байна" гэсэн мэдээлэл өгсөн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ