Дубайд "барилдах шахсан" бөхчүүд

Чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөхөөр Катарын Доха хотыг зорьсон Монголын шигшээ багийн гурван тамирчин, шигшээ багийн дасгалжуулагч Б.Баяраа нарыг визний зөрчилтэй хэмээн Дубайн онгоцны буудалд саатуулсны эцэст буцаасан байна.

Тивийн аваргын тэмцээнд оролцон олимпийн эрхийн оноо авахаар мордсон тамирчид маань ажилдаа хайнга, хариуцлагагүй хандсан арын албаныхны харгайгаар ийнхүү харамсалтайгаар эргэн ирж байна.

Шигшээ багийн дасгалжуулагч Б.Баяраа, Д.Гомбодорж /74 кг/, Д.Хүдэрбулга /97 кг/, Н.Золбоо /125 кг/ нарыг өчигдөр орой визний зөрчилтэй хэмээн Дубайн хил дээр саатуулжээ.

Ингээд түр саатуулах өрөөнд орсон тамирчдын нэг болох ОУХМ Д.Хүдэрбулга фэйсбүүк хуудсаараа дамжуулан саатуулагдаж буй зургаа оруулан асуудлыг нэн даруй шийдэхийг хүсчээ.

Д.Хүдэрбулга "Бид дөрөв Дубайн онгоцны визний зөрчилтэй гээд саатуулагдлаа. Ази тивийн аварга маргааш эхэлнэ. Холбогдох байгууллага хүмүүс Дубайн онгоцны буудал болон Катар улсын холбогдох байгууллагуудад хандаж тэмцээнд оролцоход минь туслаач ээ" хэмээн фэйсбүүктээ бичсэнээр энэ явдал олны анхааралд орж ирсэн юм.

2015 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 6-9-ний өдрүүдэд Катар улсын Доха хотод болно. Тамирчдынхаа асуудлыг Монголын чөлөөт бөхийн холбоо яаралтай шийдвэрлэхгүй бол тэмцээнд амжиж оролцох нь бараг боломжгүй болоод байсан юм. Энэ тухай Чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Д.Дагвадорж "Тамирчдад анхаарал хандуулж, арга хэмжээ авахаар ажиллаж байна. Азийн бөхийн холбооны удирдлагуудтай дөнгөж сая уулзлаа. Манай холбогдох албаны хүмүүс тамирчдын мэдүүлгийг оройтуулж өгсөн, паспортын асуудал байсан зэрэг алдаа гарсан байна" гэсэн мэдээлэл өгөөд байсан. Гэсэн хэдий ч Катар улс бичиг баримтын зөрчилтэй манай улсын тамирчдыг чухал тэмцээнд оролцохоор ирсэн юм гээд толгойг нь илсэнгүй хууль журмынхаа дагуу шийдэж нутаг буцаасан байна. Манай бөхчүүд өрсөлдөгч гадны тамирчид өнөөдөр жингээ үзүүлж байхад бухимдал тээсээр Буянт-Ухаад газардана.

Эх сурвалжийн мэдээллээр Чөлөөт бөхийн холбоо баг тамирчдынхаа мэдүүлэг, нэрсийг буруу мэдүүлснээс энэ асуудал үүссэн бололтой. Олон улсын бичиг баримтын стандартын дагуу нэг үсэг, тоо зөрөхөд л хилээр хэнбугайг ч нэвтрүүлэхгүй. Ялангуяа сүүлийн үед олон улсад томоохон халдлага хийгдэж байгаа цаг үед, Арабын орнуудад хил гаалийн шалгалт дээд хэмжээгээр нарийн хийгдэж байгаа нь тодорхой. Ийм нөхцөлд сүх далайтал үхэр амар гэгчээр монголчуудын хариуцлагагүй зангаар асуудалд хандаж явуулсан Монголын чөлөөт бөхийн холбооныхон ичмээр. Тэдний зүгээс одоо болтол ямар нэгэн албан ёсны тайлбар өгөөгүй байна. Өглөөнөөс хойш тус холбооны өрөө эзэнгүй, холбогдох удирдлагууд утсаар мэдээлэл өгөхийг хүсэхгүй, сэтгүүлчид цоожтой хаалга мөргөөд буцаж байна.

Риогийн дэвжээнд бөхчүүд сонгомол бөхийн зургаа, эрэгтэй чөлөөт бөхийн зургаа, эмэгтэй чөлөөт бөхийн зургаан жинд тус тус хүч үзнэ. Эрэгтэй чөлөөт бөхийн хувьд 57 кг, 65 кг, 74 кг, 86 кг, 97 кг, 125 кг, харин эмэгтэйчүүд 48 кг, 53 кг, 58 кг, 63 кг, 69 кг, 75 кг-д олимпийн алт, мөнгө, хүрэл медалийн төлөө өрсөлдөнө.

Тэгвэл эрэгтэйчүүдийн 74, 97, 125 кг-ын жинд Монгол улсаас 2015 онд тивийнхээ аваргад оролцоогүй гээд ДАШТ-д энэ гурван жинд тамирчин оролцуулах боломжгүй гэдэг шаардлага тавьбал яах ч аргагүй болно.

Риогийн дэвжээнд бөхчүүд сонгомол бөхийн зургаа, эрэгтэй чөлөөт бөхийн зургаа, эмэгтэй чөлөөт бөхийн зургаан жинд тус тус хүч үзнэ. Эрэгтэй чөлөөт бөхийн хувьд 57 кг, 65 кг, 74 кг, 86 кг, 97 кг, 125 кг, харин эмэгтэйчүүд 48 кг, 53 кг, 58 кг, 63 кг, 69 кг, 75 кг-д олимпийн алт, мөнгө, хүрэл медалийн төлөө өрсөлдөнө.

Тэгэхээр ирэх намар болох ДАШТ-ий өмнө “Танай улс 2015 оны Ази тивийн аваргад оролцоогүй гурван жиндээ тамирчин оролцуулах боломжгүй” гэдэг шаардлага тавьбал олимпийн эрх олгох хамгийн эхний тэмцээн буюу 2015 оны Дэлхийн аваргад эрэгтэйчүүдийн 74, 97, 125 кг-ын жингийн бөхчүүд барилдах эрхгүй гэсэн үг.

Хамгийн гол нь тамирчдын хөлс хүч, амжилт, цаг хугацааны олон эрсдэл дагуулсан ийм хариуцлагагүй алдаа гаргах нь бусад спортын холбоодод ч хатуу сануулга болж үлдэх бизээ.

Н.Умард

СЭТГЭГДЭЛ БИЧИХ