Нам нам л гэнэ, нам хаана байна?

Ноён хутагт Равжаа нэгэнтээ “Там там гэнэ, там хаа байх вэ? Тамтаггүй явбал там л тэр болой" хэмээсэн шиг нам нам л гэнэ намууд чинь тэгээд хаана байна гэж асуумаар болов.
Үнэхээр Монголын намууд өрсөлдөх чадваргүй хүмүүсээ дээш нь залж, шударга ёсыг уландаа гишгэн, ой санамжаа нэгэнт алдаж, дарга нараас нь хүн чанарын тамтаг ч үнэртэхээ больж, ард түмэн, эх орны төлөө гэсэн чин сэтгэлээр ажиллах нь нүдний гэм болжээ. Саяхан олон нийтийн хүртээл болсон "Сант Марал"-ын судалгаагаар иргэдийн 50 байтугай 40 хувийн дэмжлэгийг хүлээж байгаа нэг ч нам байхгүй болж намгүй бие даагчид, дуучнаас ч рейтингээрээ дор болсноос л энэ бүхэн илт.
Намууд олигархиудын халаасанд орлоо, тэднээс санхүүжиж байна, энэ асуудлаа шийдэх хэрэгтэй гэж мөн ч олон жил ярилаа. Харин одоо цагт ард түмэн олигархи улстөрч хоёроо ч ялгахаа больтол эрлийзшсэнийг парламент руу нэг өнгийгөөд л харж болно.
Дараагийн сонгууль ч дөхлөө. Дөрвөн жил төрийн мөнгөнөөс хумсалж хурааж хуримтлуулсан их мөнгөө тэд ил гаргаж санал худалдаж авахаар сонгууль луйвардахаар баруун зүүнгүй цацаж эхэлнэ. Ямартай л иргэдийн дунд 16 он хурдан гараасай сонгуулийн жилд хямрал дарагдана даа гэсэн яриа гарах вэ.
Энэ хаврын чуулганы хэлэлцэх асуудлын жагсаалтад Улс төрийн намын тухай хууль, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хууль ороод байгаа. Энэ хуулийг батлах эсэхээс хэдэн боодол мөнгө намдаа өргөснөөр нь төрийн албыг худалдаж иддэг явдал зогсох уу үгүй юу гэдэг дээрээ тулна.
Хуулийн төслийн хүрээнд улс төрийн намын санхүүжилтийг гурав ангилж байна. Нэгдүгээрт, улс төрийн намын өдөр тутмын үйл ажиллагааны санхүүжилт, хоёрдугаарт, улс төрийн намын бодлогын санхүүжилт. Гуравдугаарт, улс төрийн сонгуулийн кампанит ажлын санхүүжилт. Энэ хууль хаврын чуулганаар батлагдаж чадвал намууд дээрх гурван чиглэлээр санхүүжилтээ ил болгох шаардлагатайболох юм.
Уг нь санхүүжилтээ ил болгосноор үзэл баримтлалаараа ондооширдоггүй, үнэт зүйл гэх юмгүй шахамнамуудын төлөвшилд нэн хэрэгтэй. Гадны жишээнээс ч энэ талаар хэвлэлүүд дурдаж байдаг. Намын санхүүжилтийг шилэн болгосноор улс төрийн намууд том компанийн халаасанд ордог тамтаггүй байдал арай л ийгээс болох магадлалтай. Харамсалтай нь Монголд намууд үзэл баримтлал, үнэт зүйлийнхээ төлөө бус албан тушаалын төлөө өрсөлдөж ажилладаг.
Монголын намууд гишүүдийн татвар, төрийн дэмжлэг, хандив авах маягаар санхүүждэг. Гэвч, гишүүдээс авдаг татвар нь маш бага, УИХ-д байгаа намууд л зөвхөн төрөөс мөнгө авдаг. Тиймээсодоогийн тогтолцоогоор манай намуудын гол амин зуулга бизнесийнхний хандив болсон. Тэр хэрээр намдаа хэр их, мөнгө хандивласан нь албан, тушаал эрх мэдэлд хүрэх виз өвөртөлдөг бичигдээгүй хууль өнгөрсөн хугацаанд Монголын намуудад үйлчилсээр ирсэн. Үүнийг өөрчлөх, шинэчлэх даалгавар өнөөгийн З.Энхболдын танхимд оногдоод байна.
2016 оны сонгууль хэр зэрэг эрүүл болох вэ, улстөрчид олигархиуд холилдсон энэ удаагийн парламентийг дахин бүрдүүлэх үү үгүй юу гэдэг нь хаврын чуулганаар тодорхойлогдоно.
Түрүүний бөөс толгойд гарлаа гэдэг шиг олигархуудаа хүзүүндээ зайдалсан намууд яаж тэдний түрийвчийг мартаад эх орон ард түмнийхээ төлөө ажиллах вэ дээ.
Х.Цахилгаан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ