Монголд ирэх нэг сая жуулчин хаана байна?

Монгол Улсын аялал жуулчлалын үндэсний хөтөлбөрт 2015 онд Монголд ирэх жуулчны тоог нэг саяд хүргэнэ гэжээ. Гэтэл 2015 он гараад хэдэн сар өнгөрчихлөө....

Монголд аялах жуулчдыг татахад саад тотгор болж буй зүйлүүдийн заримаас дурдвал:

- Тээврийн зардал /онгоцны тийз/ бусад улс орнуудтай харьцуулашгүй өндөр. Нислэг тоо цөөн, хүрэлцээгүй, сонголтгүй.

- Монголыг хямд өртөгтэй гэж ойлгож ирдэг. Гэтэл байдал эсрэгээр. Жуулчид, гадаадын иргэдэд үзүүлэх үйлчилгээний үнэ тариф дотоодын үндсэн дүнгээс 2-3 дахин илүү.

- Зочид буудлын нөхцөл амарч тухлах хэмжээнд хүрээгүй, үйлчилгээ нь доголдолтой. Ялангуяа ариун цэврийн өрөө, бие засах газар бохир байгаа нь байдлыг улам хүндрүүлдэг.

- Зуны улиралд сантехникийн засварын ажил хийх тул халуун ус тасрах нь хэвийн үзэгдэл болсоор байна. Энэ нь жуулчдыг хамгийн ихээр тавгүйтүүлдэг.

- Улаанбаатар хотын жуулчдад үйлчлэх үзвэр-үйлчилгээний газар, түүхийн дурсгалт байгууламжийн барилга нь хуучирч элэгдсэн нь жуулчдын сонирхлыг татах нь бүү хэл нурж унах аюултай.

Монголд ирэх жуулчдын гол сонирхол, эрэлт хэрэгцээ нь хөдөөгийн ард иргэд, нүүдлийн ахуй амьдрал, уудам тал нутаг, байгалийн өвөрмөц газруудтай танилцах явдал юм. Гэтэл эдгээр газруудад хүрэх зам, зам дагуух үйлчилгээ, зоогийн газар, бие засах газрын зохицуулалт ямар болохыг үүгээр хэлэх нь илүүц биз ээ.

Монголыг зорих япон жуулчдын 66.8 хувь нь байгаль сонирхох, 37.7 хувь нь нүүдлийн соёл, зан заншилтай танилцах, 5.7 хувь нь морь унах, явган аялал, дугуйгаар аялах зэрэг адал явдалд дурлах, 16.1 хувь нь Монголын түүхийг сонирхох, 0.6 хувь нь ан хийх, загасчлах зорилготой гэсэн судалгаа байна.

Ихэнх япон жуулчид Монголын үзэсгэлэнт байгалиас таашаал авахыг зорьж ирдэг ч тэд урьдчилан тохирсон хөтөлбөрийг хатуу мөрдөж, цагийг ягштал баримтлах зарчмыг хүсдэг. Мөн бие засах газрын ариун цэвэр, тав тухтай байдалд өндөр шаардлага тавьдаг байна.

Аялал жуулчлал хөгжсөн улс орнуудын жишээнээс харахад жуулчлалыг жилийн улиралтайгаа хослуулан хөгжүүлсээр иржээ. Тэгэхээр манайд өвлийн жуулчлалыг түлхүү хөгжүүлэх хэрэгтэй юм. Монголын дөрвөн улирлын тал нь цастай байдаг учраас зуны улиралаасаа илүүтэй жуулчдыг татаж болмоор юм.

Манайхан жуулчид хүлээн авах бэлтгэлээ базааж байгаа болов уу. 2012 онд манай улсад ирсэн 333 мянган жуулчин 120 сая доллар үлдээгээд буцсан. Эндээс харахад аялал жуулчлалын салбарт зөв менежмент, сайн зохион байгуулалт, соёлтой үйлчилгээ байвал амжилт олж болохоор харагдаж байна.

Бидний зүтгэлээс л шалтгаалах болно.

С.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ