Ц.Цогтбаяр: Дагвадоржийг магтаж, худлаа мэдээллээр хангасаар байгаад "алаад" хаячихсан

Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон Монголын чөлөөт бөхийн эрэгтэй шигшээ багийн бүрэлдэхүүн өнөөдөр эх орондоо ирлээ.

Монгол Улсын чөлөөт бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Цогтбаяр, дасгалжуулагч Л.Энхбаяр болон Ази тивийн аварга Э.Бэхбаяр, Ч.Насанбат эмч нар болон амжилт гаргасан тамирчдын хамт ирлээ.

Эмэгтэй багийн тэмцээн өчигдөр албан ёсоор дууссан тул МЧБХ-ны албаны хүмүүс энэ удаад ирсэнгүй.

Чөлөөт бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Цогтбаяраас тамирчдын хуурамчны визний асуудлаар ярилцлаа.

-Юуны өмнө Азийн аваргад амжилттай оролцож гурван тамирчин оролцоогүй хэдий ч багийн дүнгээр дөрөвдүгээр байрт шалгарсан та бүхэнд баяр хүргэе?

-Баярлалаа.

-Амжилттай зэрэгцэн таагүй асуулт тавих болох нь. Энэ жилийн Азийн аваргад хариуцлагагүй алдаа гаргаж гурван тамирчин хуурамч визний асуудалд орооцолдлоо. Шигшээ багийн ахлах дасгалжуулагч хүний хувьд үүнд ямар тайлбар өгөх вэ?

-Тивийн аваргын мэдүүлгээ сарын өмнө явуулсан. Гэхдээ жин тус бүрт 1-2 тамирчны нэр явуулсан. Гэтэл гурван хүний виз ирээгүй. Яагаад виз ирэхгүй байна гэхэд одоо ирнэ л гээд байсан. Тэмцээн явахын өмнөх өдөр буюу хагас сайн өдөр бэлтгэлтэй байсан. Холбооноос өдөр 13.00 цагийн үед утасдаад үлдсэн гурван хүний виз гарсан шүү гэж надад хэлсэн. Бэлтгэлтэй байсан болохоор Энхбаяр багшийг явуулахад Спортын төв ордны жижүүрт үлдээчихсэн байсан.

Визээ аваад харахад өнөөх гурвын маань овог нэр таарч л байсан. Гэтэл Дубайгийн хил дээр очтол хуурамч байна гээд хоёрыг нь үлдээсэн. Хүдэрбулгыг Дохад очтол үлдээнэ гэсэн. Насанбат эмч бид хоёр очоод асуухад “Танай хүмүүс хуурамч визтэй байна гэсэн”. Нэгэнт ирчихсэн юм чинь мөнгө төгрөгийн төлөөд тамирчнаа гаргаж болох уу гэхэд “Та нар хууль зөрчсөн. Хуурамч визтэй болохоор буцаана” гэсэн. Тэгээд бид хэд цаашаа явсан. Үүнээс цаашаа тамирчидтайгаа холбоо барих боломж байсангүй.

-Гурван тамирчин болон Б.Баяраа дасгалжуулагч "МЧБХ болон тухайн улс орнуудад Монгол Улсыг төлөөлж суугаа ЭСЯ-наас нэг ч албан тушаалтан санаа зовоогүй гомдолтой байна" гэдэг мэдэгдлийг хэлсэн. Холбооны удирдлагууд энэ мэдээллийн дараа та бүхэнтэй ярилцав уу. Тайлбар өгсөн үү. Учрыг нь олсон уу?

-Үгүй. Холбооны зүгээс бидэнтэй энэ талаар ярилцаагүй. Холбооны гадаад харилцаа хариуцсан, шүүгч Төмөрбаатар гээд нэг нөхөр бид нартай хамт тэмцээнд байнга явдаг. Тэр хүнтэй би хоёр жил гаруй хугацаанд хамт тэмцээнд явж байгаа хэдий ч нэг ч удаа дуугарч үзээгүй. Монгол хүн байна даа “Сайн байна уу” гээд дуугарч үзсэнгүй. Хоёр удаа мэндэлж үзээд дуугарахгүй болохоор дахиж мэндлээгүй. Дубай дээр манай дөрөвтэй Төмөрбаатар таарсан байгаа юм. Гадаад харилцаа хариуцсан нөхөр байж “Та нарын тухай сонссон” гэчихээд хаяад явчихсан байсан. Ийм бүдүүлэг юмнуудыг одоо зайлуулах хэрэгтэй.

-Чөлөөт бөхийн холбоо удаа дараа алдаа гаргаж байна. 2009 оны дэлхийн аварга, өсвөрийн олон улсын тэмцээн, Ази аварга гээд хариуцлагагүй алдаа гаргалаа. Анхных тохиолдолд нь биш аргаа барсандаа одоо дуугарч байна гэдгээ Б.Баяраа дасгалжуулагч мэдэгдсэн?

-Үнэн л дээ. Одоо дуугарч арга хэмжээ авахгүй бол өнөөдрийг хүртэл бид тэсч дуугүй л явсан. Ний нуугүй хэлэхэд эрэгтэй багтай буюу надтай харьцахдаа хүйтэн хөндий харьцдаг. Бусадтай нь инээж харьцаад надтай “Ална, тална, п...” гэх зэргээр л дууддаг байсан. Үнэхээр хүнд харилцаатай.

-Д.Дагвадорж ерөнхийлөгчийг хэлж байна уу. Та хэнийг хэлэв?

-Асашёорюүг ч хэлж байна. Бусад нөхдүүдийг ч хэлж байна. УИХ-ын гишүүн Сумъяабазар “Би чамтай гар барихаас сэжиг хүрч байна” гэж хүртэл хэлж л байсан. Тэмцээн дээр гар барих гээд очиход шүү. Намайг одоо ингэж хэлсэн гээд дайралт их ирнэ гэдгийг мэдэж л байна. Чөлөөт бөхөөр барилдаж, хувь заяагаа холбож, амьдралаа залгуулж яваа хүний хувьд дахиж олон тамирчныг ингэж хохироохыг хармааргүй байна.МЧБХ маш бүдүүлэг, удаа дараа ийм заваан асуудал гаргаж байна.

Тэмцээнд явахаас гурван хоногийн өмнө мэргэжлийн зөвлөл байгуулсан одоо Азийн аваргын багийн батална гээд шал дэмий 3-4 цаг хуралдуулаад гаргаж байгаа юм. Хэдхэн хүний виз гаргаад явуулчих чадал алга байна энэ хүмүүст. Дагвадорж ирээд чөлөөт бөхийн холбоог сэргээлээ, мундаг байна л гээл байгаа. Энэ бол шал худлаа гэдгийг албан ёсоор хэлье. Хоёр жилийн хугацаанд дасгалжуулагчаар ажиллахдаа хэдэн тамирчдыгаа улсын мөнгөөр л арай хийж чирч явсаар ирсэн. Азербайжаны тэмцээн гурван тамирчныг холбоо дааж явуулснаас өөрөөр эрэгтэй багт нэг төгрөг ч гаргаж өгөөгүй. 30 жил чөлөөт бөхтэй хутгалдаж явлаа. Ийм дампуу, ийм дээрэнгүй, харгис юмтай таарч үзээгүй.

Үргэлжлэлийг эндээс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ