Хоригдож байгаа эмэгтэйчүүдийн 40 хувь нь 1-5 жилийн ялтай

Гэр бүлийн хүчирхийллийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн нэмэлт өөрчлөлтийг УИХ-аар хэлэлцэх гэж байгаатай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар Цагдан хорих 461 дүгээр анги, Хорих 441-р анги, Баричлах ял эдлүүлэх 431-р анги, Хорих 409-р анги, эмэгтэйчүүдийн 407-р хорих ангиудад ажиллаж хүний эрх хэрхэн хангагдаж байгаа талаар иж бүрэн шалгалт хийж, үйл ажиллагаатай нь танилцлаа.
Эмэгтэйчүүдийн хорихын байдалтай танилцах үеэр 15 сая төгрөгийн хохирол учруулснаа бүгдийг төлсөн ч гурван жилийн ялтай, нялх хүүхэдтэйгээ хоригдож байгаа эмэгтэй М-ийн өргөдлийг Ц.Оюунбаатар гишүүн хүлээн авч Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр энэ мэт гажуудлыг арилгах ёстойг онцолсон юм.
Хорих 407 дугаар ангид 331 эмэгтэй ял эдэлж байгаагийн 253 нь жирийн дэглэмтэй, 68 нь чанга дэглэмтэй, зургаа нь баривчлах ялтай, гадаадын иргэн нэг,0-1насны хүүхэдтэй ялтан тав, жирэмсэн нэг эмэгтэй байна.
Ял эдэлж байгаа бүсгүйчүүдийн 97 нь бусдын амь насыг санаатайгаар хохироосон хэрэг үйлджээ. Тэдний 20 орчим хувь нь гэр бүлийн хүчирхийллийн улмаас гэмт хэрэг хийсэн. Аргагүй хамгаалалт хэтрүүлсэн гэсэн зүйл заалт Эрүүгийн байцаан шийтгэх хуульд байдаг ч гэр бүлийн удаа дараагийн хүчирхийллийн улмаассэтгэл санааны дарамтанд байсаар гэмт хэрэг үйдсэн дээрх эмэгтэйчүүдэд ял хөнгөрүүлэх биш, харин ч хүндэрч хэргийг зориуд төлөвлөн үйлдсэн болж хувирдаг байна.
Тус ангид хоригдож байгаа эмэгтэйчүүдийн 71 хувь буюу 218нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн бол дөрөв ба түүнээс дээш удаа гэмт хэрэг үйлдсэн ялтан 21 байна. Нэгээс таван жилийн ялтайхоригдол 125 буюу хоригдож байгаа нийт эмэгтэйчүүдийн 40 шахам хувийг эзэлж байгаа юм. Өршөөлийн хуулийг хүлээсэн тав хүртэлх жилийн хөнгөн хүндэвтэр ялтай 3500 орчим хоригдол улсын хэмжээнд байдаг ба тэдэнд жилдээ 100 тэрбум төгрөг төсвөөс зарцуулдаг гэсэн судалгаа бий.



Б.Гэрлээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ