Ч.Сайханбилэг зөв сонголт байжээ

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт УИХ, намууд, олон нийт гагцхүү нэг л зорилго бүхий даалгавар өгсөн. Тэр бол улс эх оронд нүүрлээд байгаа эдийн засгийн хямралаас салж, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх даалгавар.

Тэрээр өмнөх ерөнхий сайд шигээ 100 хоногт бүгдийг өөрчилнө гэж асуудалд хийсвэрлэлгүйгээр ямар ч байсан албан үүргээ авснаас хойш хагас жилийн дотор Оюутолгой төслийг хөдөлгөх шатанд нь оруулж чадлаа. Ч.Сайханбилэгийн багт олон улсын эдийн засгийн хэлээр ярьж чадах өндөр боловсролтой залуус ч байна, туршлагатай улстөрч, эдийн засагчид ч байна.

Тиймээс тэрээр гол даалгавраа амжилттай биелүүлж эхэллээ. Олон улсын санхүүгийн зах зээлд ч Монголын нэр хүнд нааштайгаар цуурайтаж эхэлснийг сүүлийн хэдэн өдрүүдэд бид харлаа. Хувь, хувсгалын бондын ханш нэмэгдсэнийг ч үүгээр тайлбарлаж болно.

Мөн Эдийн засгийн өршөөлийн хууль, НӨАТ-ын хууль, Татварын ерөнхий хууль гэх мэт элгээрээ хэвтсэн эдийн засгийн эс ширхэг болсон баялаг бүтээгчдэдээ төрөөс дэмжлэг үзүүлж боломж олгох хуулиудыг Засгийн газраас санаачлан парламентад өргөн бариад байна.

Эндээс үзэхэд олон жил улс төрийн тогоонд чанагдаж явсан Ч.Сайханбилэг хямралтай нүүр тулсан монголчуудын, АН-ын зөв сонголт байсныг харж болно. Тэрээр АНЭУ-д айлчлаад өчигдөр орой эх орондоо газардахдаа “Оюутолгойн далд уурхайг эхлүүлэх төлөвлөгөө байгуулагдсанаар Оюутолгой улс төр, Засгийн газрын асуудал байхаа больсон. Өөрөөр хэлбэл Оюутолгой компани эдийн засгийн харилцаанд орж байна гэсэн үг. Тиймээс Оюутолгойг улстөржүүлэхээ зогсоовол таарна" гэсэн юм.

Ерөнхий сайдын энэ үг одоо л эдийн засгийн хямралаас гарах арга зам нээгдэх нь, Оюутолгойгоос монголчууд үр өгөөжийг нь амсаж эхлэх нь, хамгийн гол нь мега төсөл тойрсон улстөржилт холдох нь гэсэн итгэл найдварыг олон нийтэд төрүүлж чадлаа.

Гэсэн хэдий ч Тавантолгой дээр талцаж улстөржих байдлаас монголчууд залхаж эхэлсэн энэ үед Оюутолгой гацаанд орсон түгжээгээ мулталсан нь хонгилын үзүүрт гэрэл болон гялалзаж эхэлснийг зарим нэг улстөрчид ойлгохгүй хэвээр л байх шиг.

Моди нэг тэрбумын зээлийн шугам нээлээ, Арабын Эмират нэг тэрбумын хөрөнгө оруулалтын санг Монголд байгуулна гэв, Ерөнхий сайд Дубайгаас ирлээ, Оюутолгойн улстөржилт зогсох нь, бүтээн байгуулалт өрнөх нь... сэрчихгүй бол сайхан л зүүд гэдэг шиг бүх юм ингээд эдийн засгийн жамаараа явж эхэлвэл сайхан. Нөгөө талаар Тавантолгойн хөлд тушаа болсон их улстөржилт Оюутолгойн зүг эргэхгүй гэсэн баталгаа алга гэдгийг бид өнгөрсөн өдрүүдэд харсаар байна.

Одоо л монголчууд энэ улстөржилтөөс тойрч өнгөрөх хэрэгтэй байна. Нэгэнт өгсөн даалгавраа хэрхэн биелүүлэхийг нь парламент, засгийн газарт эвсэж орсон намууд Ерөнхий сайдаасаа харах хэрэгтэй. Бүх хариуцлагыг нь өөртөө авсан ерөнхий сайдыг ажил хийх боломжоор нь хангаад байвал эдийн засаг өндийгөөд ирэх нь гэдгийг бид харж байна. Одоо нэгэнт хөдлөөд буй галт тэргийг зогсоовол олон улсын санхүүгийн зах зээл, гадны хөрөнгө оруулалт, гуравдагч хөршүүд гэх ойлголт Монголоос нүүр буруулна гэдгийг бид алхам тутамдаа санаж явах ёстой.

Н.Умард

СЭТГЭГДЭЛ БИЧИХ