УИХ-ын ажлын хэсэг төмөр замын төлбөрийг нүүрсээр хийх санал гаргахаар шийджээ

Батлагдмагцаа 620 сая ам.долларыг Монголын эдийн засагт юүлэх “Таван Толгой” төслийн хөрөнгө оруулалтын гэрээний төслүүд УИХ-ын босгон дээр 22 дахь хоногоо үдэж буй.

Өөрөөр хэлбэл, Таван Толгой ордыг ашиглах талаар дүгнэлт гаргаж, шийдвэрийн төсөл боловсруулахаар байгуулагдсан УИХ-ын ажлын хэсэг Таван Толгой ордыг ашиглах гэрээ-ний төслүүд болон Засгийн газар, холбогдох яамдаас ирүүлсэн тайлбар, мэдээлэлтэй танилцаж байна.

Л.Эрдэнэчимэг гишүүний ахалж буй УИХ-ын ажлын хэсэг байгуулагдсан даруйдаа Засгийн газрын ажлын хэсэгт хаягласан асуулгынхаа хариуд М.Энхсайхан сайдаас 100 хуудас бүхий хариулт хүлээн авчээ. Засгийн газрын ажлын хэсгийнхэн УИХ-ын “амидай” нартаа хөрөнгө оруулагч талтай хийсэн хэлэлцээний протокол, ашигласан тооцоо, судалгааны баримтуудыг хавсаргасан 2,000 хуудас материал мөн хүлээлгэн өгсөн байна.

Түүнээс хойш дахин юм нэхсэнгүй, 20 хонолоо. Юу болж байгааг нь сонирхсон чинь манайхаас авсан баримт нотолгоог уншиж ойлгохын тулд гадаадаас зөвлөх авах яриатай сууж байна гэсэн” хэмээн Засгийн газар дахь эх сурвалж өгүүлэв.

Хамгийн сүүлд буюу өчигдөр авсан албан мэдээгээр бол, УИХ-ын ажлын хэсэг “Таван Толгойн ордыг ашиглахдаа зүүн чиглэлийн төмөр зам буюу Таван Толгой-Сайншанд-Хөөт-Чойбалсан-Эрээнцав чиглэлийн төмөр замын суурь бүтцийг барих асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй” гэж үзсэн байна. Түүнчлэн Таван Толгой ордыг ашиглахдаа дээр дурдсан хоёр чиглэлийн төмөр замыг барьж дуусгах нөхцөлөөр санхүүжилтийг тохирох, төлбөрийг нүүрсээр хийх зэрэг асуудлыг хөрөнгө оруулагчидтай тохирох үүрэг Засгийн газарт өгөхөөр шийдвэрлэжээ.

Зүүн чиглэлийн 1,300 орчим км төмөр замын инженерийн болон ажлын зургийг Японы “Ниппон Коэ” компани гүйцэтгэж дуусчээ. Урд чиглэлд баригдаж байгаа Таван Толгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын далангийн ажлыг “Чингис” бондын 200 сая доллараар санхүүжүүлсэн бөгөөд “Самсунг” компани хийж байгаа аж. Самсунг компанийн гүйцэтгэж буй далангийн ажил 86 хувьтай, нийт ажил нь 51.4 хувьтай байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ