Р.Бурмаа: Тариаланчид, малчдын зөрчлийг цэгцэлнэ

Тариалангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын хуулийн төслийн хэлэлцүүлгийг өнөөдөр ХХААЯ санаачлан зохион байгууллаа. Энэхүү хэлэлцүүлэгт ХХАА-н сайд Р.Бурмаа, ХХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд, ХХААЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуун болон Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Тариалан эрхлэгчдийн холбоод, төрийн бус байгууллагууд, мөн тариалан эрхлэгч аж ахуйн нэгжийн төлөөлөл, ХААИС-ийн багш нар зэрэг нийт 30 гаруй хүн оролцож байгаа юм.
Тариалангийн тухай хуулийг анх 2004 онд баталсан бөгөөд 2006 онд нэг удаа нэмэлт өөрчлөлт оруулж байжээ. Тэгэхээр энэ удаад хуулийг шинэчлэн батлах нь цагаа олсон ажил бөгөөд олон асуудлыг зохицуулан шийдвэрлэх юм байна. Тухайлбал, эрчимжсэн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл тогтвортой хөгжих боломжоор хангах, газар тариалангийн бүс нутагт үйл ажиллагаа явуулах дэглэмийг тодорхой болгоно.
Хэлэлцүүлгийн үеэр ХХАА-н сайд Р.Бурмаагаас цөөн асуултад хариулт авлаа.
-Өнөөдрийн хэлэлцүүлгийн ач холбогдол болон зорилгын талаар товч тайлбар өгөөч.
-Бид тариалангийн тухай хуулиас гадна бэлчээрийн тухай хуулийн төслийг өргөн барих гэж байна. Ингэснээр тариаланч, малчдын зөрчлийг шийдвэрлэх боломжтой болно. Үүгээр уламжлалт аргаар мал аж ахуй эрхэлж байгаа малчдын бэлчээрийн зохицуулалтыг хийж өгөх юм. Газар тариалангийн тухайд хөрсөө яаж сэргээх вэ, хэрхэн хамгаалах, тариаланчид ямар эрх үүрэг эдлэх вэ, байгууллага болон орон нутаг нь ямар хэм хэмжээтэй оролцох юм бэ зэрэг зохицуулалтыг хийнэ. Хөрсний тухайд гэхэд олон яамдын дунд энэ асуудал орхигдоод эзэнгүй байгаа. Тэгэхээр энэ талаар маш дэлгэрэнгүй оруулж өгнө. Мөн урт хугацааны эзэмшлийн эрхтэй байгууллага аж ахуйн нэгжийн хувьд зээлийн болон эдийн засгийн эргэлтэнд оруулах зэрэг боломжийг оруулна. Мэдээж технологийг нарийвчлан зааж өгч байгаа. Ялангуяа хөрсний асуудал дээр агрохими, агрофизикийн шинжилгээг ямар үе шаттайгаар хийх вэ гэх мэтчилэнгийн нарийвчилсан заалтуудыг оруулна.
-Газар тариалалт эрхлэхээр газар эзэмшиж буй байгууллага, хувь хүн зориулалтаар нь ашиглахгүй бол өөрөөр хэлбэл, хариуцлагын тухай хэр тусгагдаж байгаа вэ?
-Шинэчилсэн найруулгаар бид газар эзэмших, ашиглах гэрээг илүү тодруулж өгч байгаа. Хугацааны хувьд болон бусад асуудлыг нарийвчлан тусгана. Жишээ нь, хэрэв хүндэтгэх шалтгаангүйгээр тариалангийн үйлдвэрлэлт эрхлээгүй бол гэрээг хүчингүй болгох гэх мэт заалтууд орж байгаа.
-Хуулийн төслийг хэзээ өргөн барих вэ?
-Үзэл баримтлал нь Засгийн газраас батлагдсан. Одоо хэлэлцүүлгийнхээ дараа хэлэлцүүлгээс гарсан санал, санаачлагаар яамдаас санал авахаар явуулна. Ер нь энэ хаврын чуулганы хугацаанд багтаахыг зорьж байна.
Хэлэлцүүлгийн явцад олон санал, санаачлагуудыг дэвшүүлж байсан бөгөөд ерөнхийдөө гурван асуудлыг голчлон хөндөж байв. Нэгдүгээрт, газар тариалан эрхлэгч болон мал аж ахуй эрхлэгчдийн хоорондын зөрчилдөөнтэй асуудал. Хоёрдугаарт, хөрс хамгаалалт, сэргээлтийн асуудал багагүй яригдлаа. Харин гуравдугаарт, газрын харилцаа нь ямар хуулиараа яаж зохицуулагдах талаар хөндөж, санал солилцсон юм. Эдгээр асуудлуудыг хуулийн төсөлдөө тусгаж ажиллах болно гэдгээ албаныхан хэллээ.
Я.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ