Туркмен ерөнхийлөгчийнхөө хөшөөг алтаар босгов

Туркменстаны ерөнхийлөгч Гурбангул Бердымухамедовын алтан хөшөө тус улсын нийслэл Ашхабад хотод сүндэрлэлээ. Ашхабад хот байгуулагдсан өдөрт зориулан 15 метр өндөр тавцан дээр суурилуулж, нийтдээ 21 метр өндөр босгосон уг хөшөөг 24 каратын хуудсан алтаар бүрсэн байна.

"Аркадаг бинасы" ("Аркадаг хөшөө", туркмен хэлээр "аркадаг" гэдэг нь "их эзэн", "эх үндэс"..) хэмээн нэрлэсэн уг хөшөөнд Туркмений ерөнхийлөгчийгүндэсний уламжлалт нөмрөгтэй, ахалтекин үүлдрийн аргамаг хүлэг унаж, баруун гараа өндөрт өргөсөн байгаагаар дүрсэлжээ. Хөшөөний зохиомжид мөн тагтаа оруулж өгсөн нь энх тайвныг эрхэмлэх билэг тэмдэг болж байгаа аж.

Туркменстаны ардын зураач, барималч Сарагт Бабаевын урласан уг хөшөөг байгуулах санаачилгыг тууштай дэмжсэн Туркменстаны парламентын дарга Акжи Нурбердыев хөшөөг нээж үг хэлэхдээ "Бидний төрийн тэргүүн, үндэсний баатар Аркадаг ард түмнээ хайрлан хүндэтгэдэг алсын хараатай улс төрч, эдийн засаг, архитектур, боловсрол, шинжлэх ухаан, анагаах ухаан, урлаг зэрэг бүх салбарт өндөр мэдлэгтэй аугаа их эрдэмтэн, манай эрин үеийн нийгэм, улс төрийн алдарт зүтгэлтэн, эх орон ард түмнийхээ төлөө зүтгэх тод үлгэр жишээ" гэж магтаад ард түмнээс хөшөө босгох санаачилга олон удаа гаргаж байсан хэмээн тэмдэглэжээ.

Хөшөө босгох санаачилгыг анх гарсан тус улсын Гадаад харилцааны яамны сайд Рашид Мередов өнгөрсөн оны долдугаар сарын 25-нд сайд нарын танхимын хуралдаанаар уг асуудлыг хэлэлцүүлж байсан бөгөөд ерөнхийлөгч Бердымухамедовт хандаж, түүний алдар гавъяаг хүндэтгэсэн хөшөө босгохыг хүсэхэд тэрээр татгалзалгүй, "ард түмний хүсэл зориг аугаа" гэж хэлж байсныг "Хроника Туркменстана" сонин онцолсон байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ