Байнгын хороодын хуралдаан үргэлжилж байна

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан Төрийн ордны “А” танхимд үргэлжилж байна. Хуралдаанаар Оюутолгой ХК-д хийсэн шалгалтын дүнг сонсч байгаа юм.
Харин Төрийн ордны “Б” танхимд болж буй УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх журмын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байгаа юм. Уг хууль батлагдвал 2015 оны долдугаар сарын 15-ний өдрөөс дагаж мөрдөх санал олонхийн дэмжлэг хүлээгээд байна.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан, "Эрх зүйн төөрдөг байшингаасаа гаръя гэж энэ хуулийг Засгийн газар өргөн барьсан байх. Онигоо болсон болсон явдал бий, сумын ИТХ хуралдаад Улсын дээд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон. Хууль тогтоомж гэдэг нь өргөн ойлголт. Хуулийн төсөлд дэмжүүштэй заалтууд байна. Гэхдээ зорилго, зорилтоо бүрэн хангаагүй гэж гэж үзэж байна" гэсэн юм.
Мөн зарим гишүүд орон нутагт гарч буй эрх зүйн баримт бичгүүд хэрээс хэтэрч байна гэсэн бол УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, "Монголын өнөөгийн хэрэгжиж буй хуулиуд олон улсын жишигт нийцүүлж хийсэн боломжийн хууль. Хууль төөрүүлээд байгаа гэхээсээ төрийн албан хаагчид төөрөлдөөд байна" гэв.
Байнгын хороодын хуралдаан үргэлжилж байна.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ