Автобус компаниудын тэрбумын залилан

Эдийн засгийн хямрал нүүрлэснээр Монголд сүүлийн нэг жил гаруйн хугацаанд дампуурсан компаниудын тоо өмнөх жилийнхээс хоёр дахин их буюу 1100-д хүрч, 100 гаруй мянган иргэд ажилгүйчүүдийн эгнээнд шилжсэн байна.
Ийм цөвүүн цагт ажилтай, тогтмол цалинтай, орлоготой байгаа нь аз гэх нэгэн байхад түүнийгээ голж цалин мөнгөө нэмүүлье хэмээгсэд ч цөөнгүй. Гэхдээ байсгээд л жагсаал цуглаан, ажил хаялт зарлаж цалин мөнгө нэмэхийг шаарддаг эмч, багш, төрийн албаныхан эдийн засгийн хямралын үеэр ийм зүйл хийх нь олон улсад барагтай л бол гарч байгаагүй аж. Харин Монголд яах вэ?
Монголд дэлхийн жишиг байтугай нь алдагддаг хойно ийм юм үзэх нь хэвийн л асуудал бололтой. Төр засаг бүсээ чангалж ард олон нийтээрээ түрийвчтэй хэдээ өнөө маргаашийн хэрэглээндээ хүргэж ядаж байхад орлоготой, цалин мөнгөтэй Нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг автобус компаниудын ажилчид ажил хаяснаар автобусаар хөл залгадаг түмэн олон хохирч байна.
Яарсан, сандарсан олон хүний ажил талаар болж, аргаа барсан зарим нь хүүхдийнхээ талхны мөнгийг таксинд өгч цаг хугацаатай уралдаж эхэлжээ.
Автобусны 700 гаруй жолооч, кондукторууд цалингаа нэмүүлэх шаардлага тавьж ажил хаяад байгаа. Тэд сард 1.5-2.5 сая төгрөгийн орлого төвлөрүүлэх ёстой байдаг бөгөөд энэхүү орлогоо төвлөрүүлж чадахгүй цалингаа бүрэн авч чаддаггүй аж. Тиймээс цалингийн нэгдсэн тогтолцоотой болж, цаг тухайд нь цалингаа авч байх шаардлагыг хүргүүлээд байгаа юм. Урд нь хэд хэдэн удаа автобусны жолооч, кондукторууд ажил хаялт зарлаж байсан. Өнөөдрийн байдлаар кондукторууд сард 700-900 мянган төгрөг, жолооч нар 1.1 сая төгрөгийн цалинтай юм байна.
Ажил хаялт үргэлжилсээр. Хэзээ хүртэл үргэлжлэх нь тодорхойгүй ямартай ч гурван талт хэлэлцээрийг баталж, цалингаа нэмтэл ажил хаялт зарлах нь тодорхой аж.
Үүнтэй зэрэгцэн нэгэн ноцтой мэдээллийг өчигдөр ЦЕГ-аас өгсөн. АТГ-аас шалгаагүй гэж албан ёсоор зарласан ч “Тэнүүн огоо”, “Тулга огоо”, “Тэнүүн дэлгэр” гэсэн автобус компани, аж ахуй нэгжид шалгалт явуулахад он гарснаас хойш эхний дөрвөн сарын байдлаар улсад 1.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан нь илэрчээ.
Тодруулбал, Нийтийн тээврийн унаагаар үнэ төлбөргүй зорчих эрх бүхий иргэдийн унааны зардал болох нөхөн олговрын мөнгийг нийслэлийн төсвөөс нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн үйлчилгээнд явсан автобусны тоо, рейс нэг бүрийг тусгай тоног төхөөрөмжөөр бүртгэж үүний үндсэн дээр санхүүжилтийг олгодог журамтай.
Гэтэл нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг нэр бүхий аж ахуйн нэгжүүд нь үйлчилгээнд гараагүй автобусны “МТ-150” төхөөрөмжийг хувийн суудлын автомашинуудад олноор байрлуулан тухайн автобусыг үйлчилгээнд гарсан мэт маршрут, чиглэлд явж, автобусны тоо болон рейс цагийг өсгөх замаар улсад онц их хэмжээний хохирол учруулсан хууль бус үйлдлийг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн Засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс илрүүлэн шалгаж байгаа аж.
Үүнтэй холбогдуулан одоогоор дөрвөн иргэнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа цагдах хорин 461 дүгээр ангид саатуулан байцаалт авч байна.
Энэ байдлаас харахад нийтийн тээврийн салбарт болж бүтэхгүй их юм байна. Төрийн өмч хольсон зарим компаниудын ажилчид нь байсгээд л цалин мөнгөө нэмэх хүсэлт тавьж, чаддагаар нь ард иргэдээ чангалж явган гүйлгэнэ. Цалин нэмэх мөнгө эргээд татвар төлөгчдийн халааснаас л гардаг гэдгийг тэд ойлгодоггүй бололтой.
Хажуугаар нь хувийн хэвшлийн автобус компаниуд үйлчилгээнд яваагүй автобусаа явсан болгож төрийг хууран мэхлэж тэрбум тэрбумаар нь мөнгө сааж байх. Ингээд үзвэл энэ салбарт болж бүтдэг зүйл байна уу хэмээн халагламаар.
Олон улсад нийтийн тээврийн салбарт манайх шиг жонхуу хутгасан нь ховор. Ямар ч асуудал учирсан тэр нь төр болон олон нийтээс хол. Асуудлыг зөвхөн автобус компанийн удирдлагууд л шийднэ. Тэд төрийн өмнө хүлээсэн өндөр хариуцлагатай. Тэр хариуцлагаа дааж, давж байж л олон нийтэд үйлчилгээ үзүүлэх эрхээ олж авдаг. Үүрэг хариуцлага гэдэгт нь наад захын ариун цэврийн шаардлага хангасан, соёлтой боловсон үйлчилгээ хамгийн гол нь осол аваар гаргадаггүй, аюулгүй байдлаа дээд зэргээр сахин хамгаалсан, үйлчилгээний үнийг тогвортой барих тал дээр гэрээ хэлцэлд үзэглэсэн байх ёстой.
Осол гаргаж хүний амь нас эрүүл мэндэд хохирол учруулах нэг тохиолдлыг тухайн компанийн бүх хөдөлмөр эрхлэлт, ашиг орлоготой тэнцүүлэх хэмжээнд томоор авч үздэг жишгийг ч манайд авах хэрэгтэй.
Энэ бүх үүрэг хариуцлагаа дааж байж олон нийтэд үйлчлэх эрхээ авна.
Харин манайд дураараа автобус компани нээж шугаманд явчихаад төрөөс мөнгө татаад сууж байдаггүй, осол аваар гаргавал даатгалаас шийдчихээд аль эсхүл жолооч нь шоронд орчихсон бүх юмыг нам жим зохицуулаад явах жишээний. Бүр дээрээс нь давраад хууль бусаар тэрбумаар завшина.
Ингэхээр нийтийн тээврийн салбарт байсгээд л үүсдэг энэ заваарсан асуудлуудыг нэг мөр шийдэхгүй бол жил бүр ажил хаялт үргэлжилж жил бүр татвар төлөгчдийн халааснаас гарсан мөнгийг автобус компаниуд ил далд аргаар идсээр л байх болно.
Н.Умард

СЭТГЭГДЭЛ БИЧИХ