“Эко жаал” тоглоомын талбай байгуулна

Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын дэмжлэгээр “Эко жаал” Сэлбэ голын дагуу хүүхдийн жижигхэн тоглоомын талбайг байгуулахаар болжээ. Өнгөрсөн хоёрдугаар сард “Эко жаал”-ыг БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол хүлээн авч уулзсан билээ.
Нийслэлийн 117 дугаар сургуулийн 7б ангийн сурагч З. Буянхишиг Чингэлтэй дүүргийн 19 хорооны нутаг дэвсгэрт Сэлбэ голын дагуу хүүхдийн тоглоомын талбай байгуулж, тойруулж мод тарих хүсэлтэй байгаагаа уламжилсан юм. Энэхүү санаачлагыг сайд Д. Оюунхорол дэмжиж хамтарч ажиллана гэдгээ илэрхийлсэний дагуу “Эко жаал”-ын боловсруулсан төслийг дэмжсэн нь өнөөдөр ажил хэрэг болон эхэлж байна.
Чингэлтэй дүүргийн 19 хорооны нутаг дэвсгэрт Сэлбэ голын дагуу 336м2 бүхий талбайд хүүхдийн тоглоомын талбай байгуулах бөгөөд талбайгаа тойруулж хайлаас, бургас, агч, голт бор зэрэг моддыг тарина. Хүүхдийн тоглоомын талбайдаа сандал, саравч, савлуур, хогийн сав, самбар зэргийг байрлуулна.
“Эко жаал” маань байгуулсан хүүхдийн тоглоомын талбайгаа ирэх есдүгээр сард хүлээлгэн өгөх юм байна.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ