Шатмааргүй байна монголчуудаа

Монгол хүн амныхаа бэлгээр гэдэг дээ. Тэгвэл бидний хэллэгт ганзагын наймаачдын үеэс “шатчихлаа” гэдэг үг шинэ агуулгатайгаар нэвтэрч эхэлсэн. Ямар нэгэн юм бүтэхээ болихоор л шатчихлаа гэж хэлэх нь утгын хувьд авцалдахгүй байгаа юм. Гэсэн ч бид одоо ч энэ үгийг тэр утгаар нь хэрэглэсээр л явна.

Энэ л амныхаа бэлгээр монголчууд гамшгийн хэмжээнд хүртлээ галд шатаж байна. Энэ жилийн эхний гурван сарын байдлаар буюу дөрөвдүгээр сарын 01-ний өдөр хүртэл гэхэд 1237 удаагийн объектын гал түймэр гарч, 3,6 тэрбум төгрөгийн хохирол учирч, гал түймэрт өртсөн 23 хүн нас барж, 10 хүн түлэгдэж гэмтэн, 533 гэр орон сууц шатсан байх юм. Аврах гал унтраах ангийн аврагч гал сөнөөгчид гал түймрийн аюулаас 157 хүний амь нас, төр, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 9,0 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ. Объектод гарсан гал түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 4,0 хувиар өссөн байна.

Улсын хэмжээнд Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг, 5 аймгийн 14 суманд нийт 18 удаагийн ой, хээрийн түймэр гарч дөрөвдүгээр сарын нэгний байдлаар 19 га ой, 29.581 га хээрийн бүс шатсан.

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлчээр Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд ажиллахаар очиход тэр чигтээ хар тал биднийг угтсан юм. Байгаль дэлхий эргээд сэргэдэг юмаа гэхэд хэчнээн төрөл амьтан үгүйрсэн гэдгийг хэлэх аргагүй.

Хэдийгээр хүний амь эрсдээгүй ч олон тооны мал, эд хөрөнгөөрөө хохирсон иргэдийн харуусалд сэтгэл эмзэглэхгүй байхын аргагүй байлаа. Тус нутгийн иргэн, малчин ярихдаа, "...манайх хурга, ишиг нийлсэн 400 орчим малтай байснаас эх малууд нь гайгүй үлдсэн. Онцгойгийнхон ирээд манай малыг хашаанаас нь гаргаад, урагш уруудуулаад маргааш нь авчирсан. Төлүүд нь бүгд галд өртсөн. Харин томуудынх нь 80-аад хувь нь ирсэн... Манай гадаа байсан мотоцикль бас галд шатчихсан" гэж байсан юм. Түмэнцогт суманд гарсан галын улмаас 18 өрх гэр оронгүй болж, олон тооны малаа алдсан билээ.

Сүүлийн үед Нийслэлийн онцгой байдлын газарт ирж байгаа гал түймрийн дуудлагын дийлэнхийг гэр хорооллын иргэдийн хашааны шар өвсөө шатааж гал алдсан дуудлага эзэлж байгаа гэдгийг албаныхан хэлж байгаа юм. Тухайлбал,

2015/05/21- Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 52 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыгөгснөөр Аврах, гал унтраах 26 дугаар ангийн тасгийг очиход 17 метр хашаа, 2га орчим өнжмөл өвс шатаж байсныг унтраасан.

Мөн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ю-КО ХХК-ний хашаанд өнжмөл өвс шатаж байна гэсэн дуудлагыг өгснөөр Аврах, гал унтраах 14 дүгээр ангийн тасгийг очиход 0.15 га орчим өнжмөл өвс шатаж байсныг унтраасан.

Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелийн 7 дугаар гудамжиндбайшин шатаж байна гэсэн дуудлагын дагуу Аврах, гал унтраах 63 дугаар ангийн тасгийг очиход иргэн Б-ийн 8х6 хэмжээтэй гарааш, 6х1 хэмжээтэй амбаар, жорлон, Range Rover маркийн суудлын автомашин, иргэн Ж-ын 5 ханатай гэр эд хогшил, иргэн Б-ын 10 метр хашаа, жорлон, иргэн Т-ын 2х3 хэмжээтэй амбаар, Nissan terrano маркийн суудлын автомашины хойд хэсэг шатаж байсныг 8 тонн ус зарцуулан унтраажээ.

/2015/05/22 Налайх дүүргийн 3 дугаар хороо,Ар булгийн Ганц тов гэдэг газар хээрийн түймэр гарч 20 га орчим өнжмөл өвс шатаж байсныг бүрэн унтрааж дүүргийн байгаль орчны байцаагчид хүлээлгэн өгсөн байна.

Мөн Багахангай дүүргийн 1 дүгээр хороо, Хангайн 9 дүгээр зөрлөг Хээхэрийн Гурван толгой гэдэг газар 315 га орчим өнжмөл өвс шатаж байсныг бүрэн унтрааж хүлээлгэн өгсөн байна.

/2015/05/23 Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадвилан зуслангийн Ойн жим амралтын газрын баруун талд 2 га орчим газарт ой, хээрийн түймэр гарч байсныг бүрэн унтрааж байгаль хамгаалагчид хүлээлгэн өгсөн байна.

Сонгинохайрхан дүүргийн 20 дүгээр хороо, Улаанбаатар импекс ХХК-ийн хашаанд хураалттай 10 ширхэг 20 кг-ын багтаамжтай баллонтай савнуудын 1 ширхэг сав хадгалалтын горим зөрчигдснөөс тэсэрч 26-55 насны 5 иргэн өртөж гэмтэж, түлэгдсэн байсныг Хордлогын төвд хүргэж өгсөн байна.

2015/05/27-нд мэдээгээр хоногийн хугацаанд объектын гал түймрийн 8 дуудлага иржээ. Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 35 дугаар гудамжинд байх айлын 4х3 хэмжээтэй модон гараж бүрэн шатаж байсныг унтраасан. Уг гал түймрээс иргэдийн 30 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна.

Мөн энэ өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, UB town-ны зүүн талд “New cor” ХХК-ийн барьж буй орон сууцны зориулалттай барилгын суурийн давхарт хураалттай вакум цонхны рам, шахдаг хөөс, циликонон цавуу шатаж байсныг унтраажээ.

Эцэстээ хамгийн өндөр түвшинд аюулгүй байдлыг хангасан байх ёстой Төрийн ордон нь хүртэл шатаж байгааг хүн бүр өөрсдийнхөөрөө тайлбарлах байлгүй.

Гол нь энэ аюулаас гал унтраагчид, аврах ангийнхан иргэн, байгууллагын хэчнээн их хэмжээний хөрөнгийг аварсан нь ойлгомжтой. Улсын хэмжээнд гарсан түймрийн гамшигт маш их хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулж байгааг бид тухай бүрт нь сонсож байгаа. Одоо ч мөн зарим нутагт түймэр ассаар л байгааг албаныхан мэдээлж байна.

Хуурайшилт ихтэй байгаа тул галын аюулаас сэрэмжлэхийг өдөр бүр бараг цаг тутамд анхааруулсаар байтал иргэд хайхрамжгүй байдлаасаа болж их хэмжээний хохирол амссаар байна. Эсвэл гал гарлаа гэхээр “галын дөл өөдөө” гэж ерөөж байгаа үгүй нь ойлгомжгүй үг чулуудна. Үнэндээ амны бэлгээс ашдын бэлгэ гэдэг.

Аливаа үгийг хэрэглэхдээ ихэд бодолтой хэлж байх нь тийм ч хэцүү зүйл биш. Одоо урин дулааны улирал ирж гол усны эргээр тоглож, зугаалдаг үе ирлээ. Гэтэл хэдийнэ голын усанд үйсэн харамсалтай мэдээ дуулдлаа.

Энэ сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Биокомбинатын гүүрний доор Туул голд хүн осолдсон байна. Бас л ус, үерийн аюулаас болгоомжлохыг анхааруулсаар байтал манайхан дэндүү тоомжиргүй, хэнэггүй байдлаасаа болж өнгөрсөн борооны хойноос цув нөмрөнө гэгчээр хийснийхээ дараа боддог зангаасаа салах цаг нь болсон. Эцэст нь гал, усыг бүү бас гэдэг үгийг сануулахад илүүдэхгүй биз ээ.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ