Татвар хураалтын ажлыг Чингисийн талбайд зохион байгуулна

Нийслэлийн хэмжээнд авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах нэг цэгийн үйлчилгээ нийт 21 байршилд ажиллаж байна.

Дүнжингарав худалдааны төвд төвийн зургаан дүүргээс нэмэлт цэгүүд байршин амралтын өдрүүдэд уртасгасан цагаар ажиллаж байгаа юм. Харин энэ амралтын өдрүүдэд буюу энэ сарын 30, 31-нд Чингисийн талбайд мөн төвийн зургаан дүүргээс нэмэлт цэгүүд байрлуулан 10.00-17.00 цагийн хооронд татвар хураалтын ажлыг явуулахаар болжээ. Ингэхдээ Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас татвараа төлөхөөр ирсэн жолооч нарын машины зогсоолд зохицуулалт хийж ажиллах юм байна.

Хэрэв заасан хугацаанд татвараа төлөөгүй тохиолдолд Замын цагдаагийн алба нь өөрийн эрх хэмжээ, хуулийн хүрээнд авто тээврийн эзэмшигчдэд хариуцлага тооцож, ирэх сарын 1-нээс хойш замын хөдөлгөөнд оролцуулахгүй юм.

Дашрамд дуулгахад, Замын хөдөлгөөний дүрэмзөрчсөн, улмаар торгуулийн хуудас авсан жолооч нар торгуулиа онлайнаар төлөх боломжтой болжээ. Ингэхдээ Torguuli.mn цахим хуудас уруу нэвтрэн орж, өөрийн машины улсын дугаараар шүүж торгуулийн үлдэгдэл байгаа эсэхээ шалгаарай.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ