Хүслэн

Өглөө эрт босч нисэх буудал явлаа. Австралиас Шинэ Зеланд руу явж байгаа минь энэ. Би энэ удаад Хүслэн рүү тэмүүлж байлаа. Яагаад бэ гэвэл түүний аавдаа бичсэн бяцхан захидлыг уншсан.

Хүслэнгийн захидлыг уншсан хүн бүрийн сэтгэл огшиж байсан. Хүслэн ээж аавдаа хүсэл мөрөөдөл болж ирсэн нь мэдээж. Өнөөгийн нийгмийн өнгө төрх Хүслэн шиг охидоор маш их дутагдаж байгаа. Ийм л иргэнийг Монгол Улс хүсч байгаа.

Тэрээр Монголдоо биш Шинэ Зеланд улсад байгаа нь харамсалтай ч юм шиг. Яагаад Монголдоо биш. Шинэ Зеланд улсад амьдарч байна вэ.

Түүний аавдаа бичсэн захидал маш ихээр догдуулсан. Хүслэнгийн аав ээж нь өндөр боловсролтой. Тэд жирийн эгэл айлын хүүхдүүд.

Ээж Халиун нь орос, англи, хятад хэлтэй. Эмч мэргэжилтэй. Монголдоо мэргэжлээрээ ажиллах чин хүсэлтэйгээр ирсэн. Түүнд өвлөөд авах хувийн эмнэлэг байхгүй болохоор улсын эмнэлэгт ажиллана. Эмч нар лиценз авах шаардлагатай. Энэ бол байх ёстой горимын асуудал. Гэхдээ түүнд арын хаалга байхгүй бол гадаадад гарч ажиллахаас ч хэцүү. Ажил олдохгүй. Хэрвээ улсын томоохон эмнэлэгт ажилд орохын тулд тухайн эмнэлгийн тасгийн эрхлэгчдэд таван сая төгрөгийн ... өгөхгүй бол танд туршлага байхгүй, эсвэл юу ч гэж хэлж болно.

Ингээд л өндөр боловсрол эзэмшиж ирээд Хайртай Монгол орныхоо төлөө ажиллах боломжгүй тул тэд гадаадад дахин суралцахаар явсан ажээ. Шинэ Зеланд улсад ирээд Хүслэнгийн аав Батаа дахин суралцсан. Тэрээр одоо банк санхүүгийн мэргэжилтэн. Хүслэн Оюу гэдэг дүүтэй. Өөрсдөө өндөр боловсрол эзэмшихийн зэрэгцээ хүүхдүүд нь өсч байгаа болохоор тэднийх амьдралынхаа хэв маягийг өөрчлөх шаардлагатай болсон ажээ.

Тэдний дараагийн нүүдэл Австрали байлаа. Аав нь Астрали руу явахад Хүслэн аавдаа ийнхүү захидал бичжээ. Захидлынхаа эхний нүүр хуудсанд “All For You Love You miss Bataa dad” хэмээн өнгийн харандаагаар бичсэн. “Таныг санаж байна, Танд зориулсан альбом, Аавдаа хайртай” гэсэн үгээ хэвлэмэл үсгээр нааж урласан ажээ. Энэ бол аавдаа бичсэн захидлын эхний нүүр хуудас. Аавдаа амжилт хүсээд бичсэн захидал нь нийт 15 хуудастай. Эдгээр хуудсанд тэрээр аавыгаа гэрээсээ хол байхдаа хэрхэн амьдарч байгааг төсөөлөн бичжээ.

Тухайлбал та хаана ажиллаж байна? Таны англи хэл хэр байна? гэх мэт олон зүйлд санаа зовж байгаагаа илэрхийлсэн байна. Батаа гэртээ байнга монголоор ярьдаг болохоор хэлний асуудал дээр ч санаа зовнисон байна. Захидлынхаа сүүлийн хуудсанд аавдаа гэр бүлээ яасан мартаж болохгүйг хатуу анхааруулжээ. Хүслэн Оюу хоёр хясаа цуглуулах дуртай юм гэнэ. Тэр дуртай зүйлээрээ арын хуудсаа чимэглэсэн ажээ.

Аавдаа захиа бичих гэж бяцхан ур ухаанаа уралдуулан ном хийжээ. Бяцхан ном нь хоёр хэсгээс бүрдэнэ. Эхний хэсэг нь аавдаа маш их хайртай, ажилд нь амжилт хүсэн аавыгаа банкинд ажилд орохыг мөрөөдөж дүрслэн бичжээ. Захидлын хоёрдугаар хэсгийг аав нь буцаж гэртээ харихдаа ажлаа хэрхэн бүтээсэн эсэх тайлангаа өгөгдсөн маягтын дагуу бөглөх аж. Зургаахан настай охиноосоо ийм хариуцлагатай захидал авсан аав нь Сиднейд ирээд маш их хичээж байсан. Бага охин Оюугийн аавдаа бичсэн захидал жижигхээн хөөрхөн. Дөрвөн нүүр хуудас. Аавыгаа Супер аав. Австралид цагийг сайхан өнгөрүүлээрэй.

Шөнө унтахдаа заавал Оюуг зүүдлээрэй гэж зургаар өгүүлсөн байсан. Ер нь Оюугийн захидал эгчийнхээ захидлаас дутахааргүй сэтгэлээ илэрхийлсэн байсан. Оюу Шинэ Зеландад төрсөн болохоороо “Ээжээ би Киви охин” гэдэг гэсэн. Киви гэдэг нь нисдэг жижигхэн шувуу. Нутгийн уугуул иргэд шүтдэг шувуу юм байна лээ. Нээрээ Киви шиг хөөрхөн охин бид хоёр цөөн хэд хоногт дотно байлаа. Тэрээр миний ач охин Катеринатай адилхан дөрвөн настай байсан.

Ойролцоо насных болохоор ачаа санаж байгаа надад охинтой минь яг адилхан харагдана. Би охиноо үүрдэг, чамайг үүрээд явж болох уу? Гэхэд Оюу их дуртай байсан. Монгол эмээ, өвөө нар ач зээгээ ингэж үүрч хайрладаг юм гэж хэсэгхэн газар үүрч явлаа. Үүрүүлэх Оюуд их таалагдсан. Дараа нь ээждээ англиар юм хэлээд байлаа. Би сонссонгүй Оюу юу гэж байна гэсэн чинь. Оюу хэн нэгэн намайг үүрэхгүй юм байхдаа гэж байна лээ. Бид хоёрын хэн хэнд маань таалагдаж байсан шүү.

Хүслэн, Оюу хоёр монголоор ямар ч үг мэдэхгүй. Ээж нь хүүхдүүдтэйгээ байнга англиар ярина. Хэл сурч байгаа надад ярианы дадлага болсон. Хүслэнгийн бяцхан зүрх монгол хүнээр маш их цангаж байгааг мэдэрлээ. Би ирээд эхний гурван сар ингэж их монгол хүнээр цангаж байсан. Одоо ч цангаж байгаа. Хүн хоолоор өлсөх юу ч биш. Амьд харилцаагаар өлсч, хүнээр монгол хүн монгол хүнээрээ цангах их хэцүү юм байна лээ. Шинэ Зеландад аялсан хэд хоног хамгийн сайхан байсан. Монгол айлд зочилсон чинь таван одтой зочид буудлаас ч тухтай таатай байлаа.

2015.03.28. Sydney-Aucklant хот Э.Алтанцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ