Манайд "Эх, үрсийн баяр" гэж байхгүй

Хүүхдийн баярыг өмнө нь "Эх үрсийн баяр" болгон тэмдэглэж байсан удаатай. Энэхүү шийдвэрийг МУ-ын анхны Ерөнхийлөгч гаргаж байсан гэдэг. Тодруулбал, 1995 оноос "Хүүхдийн баяр"-ыг "Эх үрсийн баяр" болгосон боловч зарим тодорхой шалтгааны улмаас 2003 оноос эргүүлэн "Хүүхдийн баяр" болгон тэмдэглэсээр ирсэн. Гэтэл хүмүүс одоо ч эх үрсийн баяр гэж ярьсаар байна. Үүнд, зарим нь шүүмжлэлтэй ханддаг бөгөөд туйлшрамтгай монголчуудын зуршлаасаа салах дургүйн нэгэн жишээ энэ юм.

Ээжүүдийн баяр уг нь Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу гуравдугаар сарын 08-нд болдог. Харин зургаадугаар сарын 01-н буюу Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөрзөвхөн хүүхэд багачуудаа баярлуулах учиртай. Энэ дагуу манай улсын хуулинд ч "Эх үрсийн баяр" гэж байдаггүй. Хуулийн заалтыг сонирхуулбал:

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн

4.1. Нийтээр тэмдэглэх баярын өдөр:

4.1.1. Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр: 7 дугаар сарын 11, 12, 13, 14, 15; /Энэ заалтад 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
4.1.3.Цагаан сар: билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3; /Энэ заалтад 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
4.1.4. Шинэ жил: 1 дүгээр сарын 1;
4.1.5. Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр: 3 дугаар сарын 8;
4.1.6. Хүүхдийн баяр: 6 дугаар сарын 1.
4.1.7.Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр: 12 дугаар сарын 29. /Энэ заалтыг 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн/
4.1.8. Их Эзэн Чингис хааны өдөр: Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1. /Энэ заалтыг 2012 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн/

Энэ тэмдэглэлт өдрүүдийн жагсаалтад эх үрсийн баяр гэсэн үг, өгүүлбэр байхгүй байгаа юм. Тэгэхээр бид хүүхдийн баярын энэ өдрийг хүүхдийнхээ эрхийг хамгаалах зорилгын хүрээнд баярлуулан өнгөрүүлэх ёстой билээ.

Энэ өдрийн дүрэм: Монголчууд энэ өдрийг үндэстний хэмжээнд архигүй өдөр болгон тэмдэглэдэг бөгөөд МУ-ын нутаг дэвсгэр дээрх тээврийн бүх хэрэгсэл гэрлээ асаан хөдөлгөөнд оролцож хүндэтгэл үзүүлдэг. Түүнчлэн хамгийн гэгээлэг ертөнцийн бэлгэ тэмдэг болсон энэ өдөр хогоо ил задгай хаялгүй, хүрээлэн буй орчноо хайрлах учиртай юм.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ