Барааны ангилалын жагсаалт цахим хэлбэрт шилжлээ

Монгол Улс “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем” /БТКУС/-ийн тухай Дэлхийн Гаалийн байгууллагаас баталсан олон улсын ковенцид 1991 онд нэгдэн орж, 1993 оноос эхлэн нэвтрүүлж эхэлсэн юм. Уг Конвенцийн хавсралт болох БТКУС-ийн Жагсаалтыг нийт 3 удаа хэвлэн гаалийн харилцаанд оролцогчдын хүртээл болгож байсан билээ.
Гаалийн ерөнхий газраас эрхлэн гаалийн харилцаанд оролцогч нарт зориулж “Гадаад худалдааны барааны ангиллын жагсаалт”-ыг цахим хувилбараар нь бэлтгэн гаргаж, 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн нийтэд чөлөөтэй танилцуулж эхэллээ.
Уг цахим хувилбарт БТКУС-ийн тайлбар дүрэм, Хэсэг, Бүлгийн тайлбар, барааны, код, бичлэгийг хэмжих нэгжийн хамт монгол, орос, англи хэлний сонголттойгоор харах боломжтойгоос гадна барааны код эсхүл бичиглэлээр хайлт хийх боломжтой байдлаар програмчилсан нь ихээхэн ач холбогдолтой юм.

Энгийнээр хэлбэл гаалийн хилээр бараа тээврийн хэрэгсэл нэвтрүүлж буй иргэн ААНБ хэн ч байсан тухайн бараа тээврийн хэрэгслийнхээ ангилалын код, хэмжих нэгж зэрэг шаардлагатай мэдээллээ өөрөө үзэж харж хянах, энэ талаархи мэдээллийг чөлөөтэй ашиглах боломж бүрдэж байгаа юм.
Мөн татвар, тарифын хувьд маргаантай барааны ангиллын каталог, Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн эмийн кодолсон жагсаалт, Стратегийн хүнсний кодолсон жагсаалт зэрэг мэдээллийг агуулсан болно.
Цахим хувилбарыг интернэт орчинд ашигласнаар гадаад худалдаа эрхлэгч өөрийн барааны ангиллын кодыг урьдчилан тодорхойлох, гаалийн тариф, татварыг өөрөө тооцоолох бүрэн боломж бүрдэж байгаагаас гадна төрийн албан хаагчид, судлаач, шинжээч нарт гадаад худалдаа, гаалийн мэдээллийг цуглуулах, гаалийн тарифын бодлогыг боловсруулахад чухал ач холбогдолтой юм.

Дээрх бүх мэдээллийг гаалийн албаны www.customs.gov.mn/btkus цахим хуудсааравах боломжтой.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ