Зуслангуудын үйл ажиллагааг түр хойшлуулав

Хүүхдийн зуслангуудын үйл ажиллагаа энэ сарын 8-наас эхлэх байсан ч улаанбурхан өвчин дэгдсэнтэй холбоотойгоор хойшлуулах сурагтай байв.
Манай улсад хүүхдийн 56 зуслан байдгийн 32 нь нийслэлийн ногоон бүсэд үйл ажиллагаа явуулдаг гэсэн бүртгэл бий. Эдгээрийн 22 нь тогтмол ажиллан жилдээ 17 мянга гаруй хүүхэд хүлээн авдаг. Үүнээс улсын өмчийн 6 зуслан байдаг.
ЭМСЯ-наас хүүхдийн зуслангийн ажиллах хугацааг түр хугацаагаар хойшлуулах шийдвэр гаргасан бөгөөд энэ сарын 20-ныг хүртэл нийслэлийн ногоон бүсэд оршдог зуслангуудад нийслэлийн Мэргэжлийн хяналт, Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Цагдаагийн байгууллага, Хүүхэд гэр бүл хөгжлийн газраас шалгалт хийж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулахаар ажиллаж байгаа юм байна. Тиймээс энэ сарын 20-ноос зөвшөөрлөө авсан зуслангууд үйл ажиллагаагаа явуулж эхлэхээр боллоо.
Төлбөрийн хувьд өнгөрсөн жил 150-160 мянган төгрөг байсан бол энэ жил долоон хоногийн амралт 160-170 мянган төгрөг байхаар зохицуулсан байна. Үнийг тогтоохдоо тухайн жилийн нийгэм эдийн засгийн байдал, мөн зуслангийн хол ойрыг харгалзан үздэг юм байна.
Зусланд явах гэж байгаа хүүхдийн гол асуудал бол эрүүл мэндийн үзлэг. Эцэг, эхчүүд эрүүл мэндийн хуудсыг танил талаараа бөглүүлчихдэг тохиолдол манайд элбэг. Тэгвэл халдварт өвчний дэгдэлт ихтэй энэ үеэр хүүхдээ шаардлагын дагуу, ухамсартайгаар эмчийн үзлэгт хамруулах нь бусдын хүүхдэд төдийгүй тухайн хүүхдийн хувьд ч чухал ач холбогдолтой болохыг зөвлөж байна.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ