Албадан даатгалд "Хаан даатгал" ХХК-ийг буруутгав

ШӨХТГ-аас өнгөрсөн сард Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, “Хаан даатгал” компаниуд хамтран даатгал нэрийн дор иргэдээс нэг тэрбум гаруй төгрөгийг авсан талаар мэдээлж байсан. Тэгвэл өнөөдөр ОСНААУГ-аас энэ асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэд анх оршин суугчдаас сайн дүрийн үндсэн дээр даатгал авна гэж “Хаан даатгал” ХХК-тай гэрээ байгуулжээ. Гэтэл “Хаан даатгал” ХХК гэрээний үүргээ зөрчин оршин суугчдын саналыг харгалзахгүйгээр, албадан даатгал авдаг болохыг нь мэджээ.
Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын Хэрэглэгчийн үйлчилгээ хариуцсан орлогч дарга Б.Баттуяа “Хаан даатгал” ХХК-иас гэрээний хүрээнд анх 50 гаруй мянган өрхөөс асуусны үндсэн дээр сайн дураар даатгалд хамрууллаа гэж мэдээлж байсан. Бид тэр олон айлын зузаан хавтсыг нэг бүрчлэн шалгах боломжгүй. Харилцан итгэлцлийн үндсэн дээр хамтарч ажиллаж байсан. Гэтэл “Хаан даатгал” ХХК иргэдээс сайн дураар даатгал аваагүй болох нь илэрсэн. Тиймээс гэрээгээ цуцлахаар болсон” хэмээн ярилаа.
Үүнтэй холбоотойгоор ШӨХТГ-аас мэдэгдэл хийсний дагуу “Хаан даатгал” ХХК сайн дурын үндсэн дээр бус гэрээ хийж даатгалын мөнгө төлж байсан иргэдэд мөнгийг буцаан олгохоор болсон юм. Тус компаниас иргэдэд нөхөн төлбөрийг олгож байгаа бөгөөд одоогоор 100 орчим өрхөд даатгалын мөнгийг нь буцаан олгосон байна.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ