М.Хувцагаан: Таван сартай жирэмсэн Г.Маралмаагийн эрх ашиг хөндөгдөж байгаа

Дөрөвхөн настай охиныг зодож хөнөөсөн хэрэгт буруутгагдаад буй талийгаач охины хойд эх Г.Маралмаа, хэргийг нуун дарагдуулсан хэмээн буруутгагдсан талийгаач охины төрсөн эцэг Т.Цогт нарыг шүүх хурал энэ сарын 17-ны өдрийг хүртэл хойшилсон. Учир нь шүүгдэгч, таван сартай жирэмсэн Г.Маралмаа шүүх хурлын өмнө ухаан алдаж унан, их хэмжээний цус алдсан юм.

Хурлын дараа Г.Маралмаагийн өмгөөлөгч М.Хувцагаан “Энэ хэрэг нийгэмд ихээхэн шуугиан тарьж байгаа хэрэг. Мэдээж, сайхан охиноо алдсан аав, ээжийн хувьд сэтгэлзүй хүнд хэцүү байгааг ойлгож байна. Гэхдээ энэ хэргийн дараа Г.Маралмаагийн хувьд ч хэцүү байдалтай байгаа. Таван сартай жирэмсэн түүний эрх ашиг ноцтойгоор хөндөгдөж байгаа. Хэвлий дэх үрээ алдах хэмжээнд хүрлээ. Тэр дутуу төрж, зулбавал хариуцлагыг нь хэн хүлээх юм бэ? Хоригдож байхдаа бие нь муудаж, хоёр төрлийн тариа хийлгэж байгаа юм билээ. Өнөөдөр мөн л тариагаа хийлгэж ирээд ухаан алдсан. Бид бүгдээрээ түргэн тусламж дуудсан ч удаж ирсэн. Сэтгэлзүйн дайралтад өртөж “Алуурчин” гэх нэрийг зүүсэн. Шүүхээр гэм бууруугүй нь тогтоогдоогүй байхад хэвлэл мэдээллээр алуурчин гэж хэлэхээр бие давхар хүнд ямар хүнд тусах нь ойлгомжтой биз дээ. Тиймээс шүүх хурлыг хаалттай хийж өгөхийг хүсэж байна” гэв.

Гэвч шүүхээс Г.Маралмаа, Т.Цогт нарыг батлан даалтад гаргахгүй үргэлжлүүлэн хорих шийдвэрийг гаргасан юм.

Шүүгдэгч Г.Маралмааг дөрвөн настай дагавар охин О-г биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж онц харгис, хэрцгий аргаар зодож, санаатайгаар амь насыг нь хөнөөсөн хэрэгт буруутган Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12, 91.2.15-т зааснаар буруутган шүүнэ. Харин Т.Цогтыг өөрийн охин О-г хойд эх Г.Маралмаад зодуулж, бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсныг мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй. Мөн бага насны, биеэ хамгаалж чадахгүй хүүхдийг амь бие нь аюултай нөхцөлд байхад эмнэлгийн тусламж үзүүлээгүйн улмаас нас барсан, асран хамгаалж байгаа охин О-гоо хараа хяналтгүй байлгаж, шаардлагатай тусламж үзүүлээгүй гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.3, 118 дугаар зүйлийн 118.1, 246 дугаар зүйлийн 246.1-т зааснаар буруутгаж буй.

Прокурорын байгууллагаас Г.Маралмаа 20 жилийн хорих ял, харин Т.Цогтод 5 жилийн хорих төлөвлөн шүүхэд шилжүүлээд байгаа юм.

Б.Анир

СЭТГЭГДЭЛ БИЧИХ