Бутаны ван Жигмэд болон түүний хатан Жавзанбадам нарын зургуудаас

Гималайн нурууны зүүн хошуунд Бутаны Вант Улс хэмээх улс бий. Далайд гарцгүй, зүүн, урд, баруун талдаа Энэтхэг, хойд талдаа Хятад улсуудтай хил залгадгаас гадна Балба, Бангладеш улсуудтай ойролцоо байрладаг Бутан улсын ванг Жигмэдгэсэрнамжил Ванчиг буюу Жигмэд хэмээдэг. Вангийн төрсөн өдрийг тус улсын үндэсний баярт тооцдог гэнэ. Жигмэд вангийн хатныг Жавзанбадам хэмээдэг. Тэд 2011 онд хуримласан бөгөөд хосууд 10 насны зөрүүтэй ч хайр сэтгэлээр учирсан гэнэ.

Бутаны хатан зөвхөн үйл хэргээрээ ч биш гадаад төрх, биеэ авч яваа байдал, хувцаслалтаараа ард түмэндээ үлгэр дууриал болох үүрэгтэй бөгөөд энэ үүднээсээ сар бүр хатныхаа шинэ зургийг засгийн газрынхаа вэб хуудаст тавьдаг гэнэ. Мөн ван болон вангийн хатны зургийг вэбсайтаас татаж аван гар утасныхаа дэлгэцэнд тавихыг засгийн газраас иргэддээ санал болгодог гэнэ.

Бутан нь 17-р зууны үед төрт улсгүй, салангид олон жижиг хамжлагат ёс тогтож байсныг 1616 онд Төвддөө хавчигдсан лам Агваан Намжил ирж нэгтгэн, улс болгосноор өнөөгийн Бутаны суурийг тавьжээ. Агваан Намжилийг 1654 онд өөд болсноос хойш, дотоодын тэмцэл, хөрш улсуудын эзэмшилд орж гарч явсаар, 1910 онд Британид хүлээн зөвшөөрөгдөж, холбоотон болсноор тусгаар улс болсон.

Бутанчуудын дийлэнх нь Төвдийн Буддын шашны шүтлэгтэй. Хэмжээлшгүй эрхт хаант ёстой байсан Бутан 2007 онд Үндсэн хуульт хаант улс болсон юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ