Татварын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг баталлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Татварын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж гишүүдийн олонхийн саналаар дэмжин баталлаа. Уг хуулийн төслийг Төсвийн байнгын хороогоор хэлэлцэх үед гишүүд хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах санал гаргасан нь чуулганы хуралдаанаар дэмжлэг хүлээсэн юм.
Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү хуулийн төсөлд татварын тайлангаа цахим хэлбэрээр гаргаж өгөх харилцаатай холбоотой зохицуулалт тусчээ. Мөн татварын газраас тухайн аж ахуйн нэгжид шалгалт хийх бол урьдчилж 10 хоногийн өмнө мэдэгдэх юм байна. Мөн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улирал бүрийн эцэст авах зохицуулалт тусгажээ.
Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын дарга З.Энхболд “Алтны компани Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөө төлөхгүй байвал яах вэ. Энэ тохиолдолд үйл ажиллагааг нь хааххүртэл арга хэмжээ авч болох уу” гэж байлаа.
Холбогдох албаны хүний тайлбараар бол татварын хууль зөрчсөн бол хуулиараа шүүх, цагдаад өгнө. Татварын байгууллагын хувьд тухайн аж ахуйн нэгжийн дансыг хаах, хөрөнгийг битүүмжлэх арга хэмжээ авахаас үйл ажиллагааг нь бүхэлд нь хаах эрх байхгүй гэсэн юм.
С.Дулам
СЭТГЭГДЭЛ БИЧИХ