Монгол Улсын Их хурлын даргын илгээлт

Монгол Улсад хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсч хөгжсөний

90 жилийн ойд

Монгол Улсад хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан монголын нийт хүүхэд багачууд, хүүхдийн байгууллагын үе үеийн ахмадууд, багш сурган хүмүүжүүлэгчид, ажилтан албан хаагчид, эцэг эх, ард иргэд, хүүхдийн төлөө сэтгэл, зүрхээ зориулж байдаг бүх хүмүүс, зочид төлөөлөгчид Та бүхэндээ Улсын Их Хурлын нийт гишүүдийнхээ нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлж, баярын мэнд хүргэе.

Монгол Улсын хөгжил дэвшлийн түүхийг бүтээлцэгчдийн нэгэн үеийг бэлтгэсэн бахархам замналтай хүүхдийн байгууллага Нийслэл хүрээнд "Хэзээд бэлхэн" уриатай "Хойчийг залгамжлагч багачуудын холбоо" нэртэйгээр анх байгуулагдсанаас хойш эдүгээ 90 жилийн түүхтэйгээ золгож байна.

Туулж өнгөрүүлсэн 90 жилийн хугацаанд Монголын хүүхдийн байгууллага төр засгийн дэмжлэг, иргэний нийгмийн болон төрийн бус байгууллагын оролцоо дэмжлэгтэйгээр хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хөгжил, хамгааллын төлөө хоёргүй сэтгэлээр ажиллаж ирснийг монголын төр засаг өндөрөөр үнэлж ирсэн билээ.

Өнөөдөр монголын олон хүүхдүүд бахархам сайхан амжилтаараа тив дэлхийд улс эх орныхоо нэрийг цуурайтуулж, үе тэнгийнхэн дундаа манлайлж, үлгэр дууриал болж байгааг бахархан тэмдэглэхэд таатай байна.

Улс орны хөгжлийн хандлага, нийгмийн болон хүүхдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн Монгол Улсын төр хүүхдийн талаар авч хэрэгжүүлэх бодлого, хууль, эрх зүйн шинэчлэлийг эрчимтэй хийж байна. Монгол Улсын Их Хурал Хүүхдийн эрхийн тухай конвенцийн "Мэдээлэл хүргүүлэх журмын тухай" нэмэлт протоколыг соёрхон баталж, “Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлого”, "Хүүхэд хамгааллын тухай ", "Хүүхдийн эрхийн тухай", "Хүүхэд харах үйлчилгээний тухай", "Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай", "Гэр бүлийн тухай" хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

Эдгээр хуулийн төсөл батлагдсанаар хүүхдийн асуудлаарх эрх зүйн орчин цогц бүрдэж, салбар хоорондын уялдаа холбоо сайжирч, хүүхэд хамгааллын тогтолцоо боловсронгуй болж, хүүхдийн эрх бүрэн хангагдах боломж бүрдэх болно.

Ирээдүй үеэ мэдлэг чадвартай, хүмүүжил төлөвшилтэй, ухаалаг иргэн болгон төлөвшүүлэхэд хүүхдийн хөгжил оролцоог бүх талаар нэмэгдүүлэх, хүүхдийн эрх ашгийг хамгаалах өргөн хүрээний асуудлаар нийгмийн хандлагыг өөрчлөх эрхэм зорилгын төлөө төр засаг, иргэний нийгэм, эцэг эхчүүд бүгд хамтын хүчээр тэмцэж, идэвхи санаачлагатай ажиллах шаардлагатай байна.

Тиймээс хүүхдийн эрхийг хангах, хөгжил, хамгааллыг баталгаажуулах зорилгоор Улсын Их Хурлаас баталсан бүх хууль, тогтоомжуудын хэрэгжилтийг ханган, биелүүлэхийн төлөө идэвхитэй хамтран ажиллахыг төр, засгийн бүх шатны байгууллага, төрийн бус байгууллага, эцэг эх, олон нийтэд уриалж байна.

Бидний үргэлжлэл, энэ улс орны ирээдүйн эзэд болсон цог золбоот, авъяаслаг хүүхэд багачууддаа Монгол Улсад хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойн баярын мэндийг дахин дэвшүүлж аз жаргал, эрүүл энх, инээд баясал, сурлагын өндөр амжилт, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА

ЗАНДААХҮҮГИЙН ЭНХБОЛД

Улаанбаатар хот 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдөр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ