Сергей Шойгу: Монгол бол Оросын шалгарсан түнш


Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгугийн талархлын захидлыг хүлээн авчээ. Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон өнгөрсөн дөрөвдүгээр сард ОХУ-д ажлын айлчлал хийхдээ тус улсын Батлан хамгаалах яамнаас жил бүр уламжлал болгон зохион байгуулж байгаа олон улсын аюулгүй байдлын Москвагийн IV бага хуралд оролцсон юм.
Тэрбээр “Бүс нутгийн аюулгүй байдлыг хангахад оруулж буй Монгол Улсын хүчин чармайлт” сэдвээр бага хуралд оролцогчдод илтгэл тавьсан. Үүнтэй холбогдуулан болон Зэвсэгт хүчний төлөөллөөс Аугаа их Эх орны дайны ялалтын баярын цэргийн ёслолын жагсаалд оролцуулсанд нь Сергей Шойгу талархлаа илэрхийлжээ.
Захидалд "Чуулга уулзалтад Таны оролцсон нь хамтын ажиллагааг бэхжүүлэх үйл хэрэг, цэргийн байгууллагууд хоорондын итгэлцлийг бэхжүүлэхэд жинтэй хувь нэмэр болсон юм. Хуралдааны үед хийсэн хоёр талын уулзалтаар бид цэргийн болон цэрэг-техникийн хамтын ажиллагааг ахиулах үндсэн чиглэлийг хэлэлцэн тогтож чадлаа. Оросын цэргийн сургуулиудад Монголын цэргүүдийг үнэ төлбөргүй болон хөнгөлөлттэй нөхцлөөр бэлтгэх салбарт харилцан ажиллагаа хөгжүүлэхэд бид бэлэн байна” гэжээ.
Мөн “1941-1945 оны Аугаа их Эх орны дайны Ялалтын 70 жилийн ойг тохиолдуулан Улаан талбайд хийсэн баярын хүндэтгэлийн жагсаалд Монголын цэргийн салбар оролцуулсныг би өндөр үнэлж байна. Бид Монгол Улсыг Орос Улсын шалгарсан, найдвартай түнш гэж үздэгээ онцлон тэмдэглэхийг хүсч байна” гэж Сергей Шойгу онцолсон байна.
Дашрамд дурдахад Сергей Шойгу нь Путины хамгийн итгэлтэй дотны хүн, ОХУ-ын төрийн тэргүүний албыг В.Путины дараа хаших магадлалтай энэ цаг үеийн хамгийн нөлөө бүхий эрхэм хэмээн тус улсын төрийн ажилтнуудын дунд яригддаг.
Сергей Шойгу нь Сибирийн Алтайн нурууны ойролцоо Тувагийн Чадан хотод Оросын бага ястан тува үндэстний гэрт төржээ. 2008 онд “Эхо Москвы” сонинд өгсөн ярилцлагадаа тэрээр “Таван насандаа үнэн алдартны сахил хүртсэн” хэмээн хэлсэн байдаг ч түүнийг тува гаралтай эцгийнхээ адил бурханы шашин, бөө мөргөлийн шүтлэгтэй гэх яриа байдаг.
Барилгын инженер мэргэжилтэй Сергей Шойгу 28 настайдаа Сибирьт Саяногорск хөнгөн цагааны үйлдвэр барих ажилд оролцсон 10 мянга гаруй хоригдлуудыг хянах үүрэгт ажлыг даалгаж байжээ.
1990-ээд онд шинэ тулгар төр байгуулагдах үер ОХУ-ын улс төрийн байдал тун ч тогтворгүй байжээ. Энэ үед Шойгу Ельциний хамгийн их итгэж найддаг хүмүүсийн нэг болсон байна. Тэрээр улс оронд онц ноцтой нөхцөл байдал үүссэн үед хамгийн түрүүнд орж ажилладаг ОХУ-ын Иргэний хамгаалал, онцгой байдлын салбарыг толгойлох болжээ. 1993 онд Оросын парламент Ерөнхийлөгч хоорондын зөрчил хурцдаж зэвсэгт мөргөлдөөн гарах үеэр Шойгу онц байдлын улсын хорооны офицеруудаа “зэвсэглэн” Ерөнхийлөгч Ельциний талд ганцаар зогссон юм. Ийнхүү Ельциний итгэлт хүн болсон Сергей Шойгу 1994 онд Иргэний хамгаалал, онц байдлын хороо нь яам болгон өргөжихөд ОХУ-ын Засгийн газрын гишүүн, сайд болов. Үүнээс хойш хэдэн жилийн турш тэрээр тус яамыг удирдаж байсан юм.
Цаг хугацаа өнгөрөх тусам Шойгу маш их сонирхол татахуйц улстөрчийн нэг болсоор байв. Шойгу нь Путины итгэлт хүн болсон нь тэд хоёул Ельциний ойрын хүн байснаас эхтэй хэмээн үздэг. Путин өөрийн бас нэгэн ойрын хүн болох Анатолий Сердюковыг авлигын дуулианы асуудлаас болж Батлан хамгаалахын сайдаас огцоруулсны дараа 2012 оны арваннэгдүгээр сард түүний оронд Сергей Шойгуг томилсон юм.
Шойгуг өмнөх Батлан хамгаалахын сайд нараас илүү хатуу байр суурьтай гэдгийг шинжээчид тэмдэглэдэг. Түүнийг Батлан хамгаалахын сайд байх хугацаанд Крым ОХУ-д нэгдсэн бөгөөд тус улсын НАТО-тай харилцах харилцаа улам хурцадсан юм. Сергей Шойгу нэгэн удаа Орост заналхийлж буй хоёр гол аюулын нэг нь НАТО хэмээн хэлсэн төдийгүй НАТО өргөжин тэлж Оросын хилд ойртсон талаар ахин дахин ярих бус, харин үүний эсрэг бодит ажил хийх хэрэгтэйг сануулж байсан удаатай.
Ямартай ч, 1991 оноос хойш ийнхүү тасралтгүй төрийн өндөр алба хашиж, олон нийтийн итгэлийг хүлээсэн Сергей Шойгуг Путиний дараагийн залгамжлагч мөн, эсэхийг таамаглаж эхлээд байна. Гэхдээ Сергей Шойгу улс төрөөс хол байхыг эрмэлздэг. Үүнийг зарим шинжээч Путинтэй эн тэнцүү нэр хүнд, итгэл хүлээсэнтэй нь холбон тайлбарладаг.
Мөн түүний тухай хэвлэлүүд "Шойгу өөрийгөө тува хүн учир монгол цустай, Чингисийн удмын хүн гэдгээрээ ихэд бахархдаг" хэмээн бичдэг гэнэ.
Н.Төгс
СЭТГЭГДЭЛ БИЧИХ