Монгол туургатны эртний хотууд

Хархорум хот.
Чингис хаан, монголын нийслэлийг 1220 онд үүсгэн байгуулжээ. Тэр хот Орхон голын зүүн эрэг дэх хөндийд байсан тэр үеэс хойш 7 зуун жил өнгөрчээ. Олон зуун жил өнгөрөх тутам тэр хотоос зөвхөн балгас үлдэж, улмаар элс шороонд дарагдаж байв.
Ийм учраас эрдэмтэд Хархорумын байсан газрыг олж чадалгүй уджээ. 1929 онд хийсэн Америкийн тайлбар толь бичигт тэр хотыт Их хүрээ орчимд байгаа гэж ч байлаа. XIX зууны 20-иод онд Франц судлаач Абель Ремюзе, Хархорум хотын байрлалын тухай асуудлаар тусгай судалгаа хийсэн байна.
Гэвч оросын эрдэмтэд бүх л талын нарийн шинжилгээ судалгаа хийсний эцэст хот байрлаж байсан газрыг эргэлзээгүй тогтоожээ. Академич В. В. Радловын удирдсан Орхоны экспедиц Эрдэнэзуу хийдийн сүм, суврага, хэрмээс Хархорум хотын баримт бичиг, хааны зарлиг бүхий чулуун пайлуур олсон юм.
Тэгээд 1585 онд Эрдэнэзуу хийдийг барихдаа Хархорумын чулуун барилгуудын үлдэгдлийг ашигласан байна гэдэг таамаглал хийжээ. Дараа нь Н. М. Ядринцев Эрдэнэ зуугийн хэрмийн орчимд үлдсэн том суурийг судалж Чингис хааны нийслэлийн балгас гэж тодорхойлсныг профессор А. М. Позднеев нотолсон юм. 1912 онд В. Л. Котвич Эрдэнэ зуугийн Дашлин сүмийн үүдний суврагыг налуулж тавьсан чулууны бичээсийг уншжээ.
Тэр бичигт Хархорумд таван давхар суврага байсныг 75x7x15 см засмал чулуугаар барьжээ. Орд харшийн багана шоо дөрвөлжин хэлбэртэй чулуун суурьтай байв. Замын уулзвар дахь байшингаас археологичид, бичиг бүхий шавардлатын хэлтэрхий олсон юм.
С. В. Киселев, "Хархорум хотын барилгуудын хамгийн гоёмсог нь дээврийн ваар юм. XIII зууны үеийн монголын бусад (Хархираа, Дентерег) хотоос олдсон дээврийн ваар нь мөн үүний нэгэн адил гоёмсог байжээ" гэж бичжээ. Дээврийн ваарны үзүүр дээр үүлэн дунд дүүлж буй луугийн дүртэй. Монгол гүрний үед барилга байшинд вааран дээвэр өргөн хэрэглэж байжээ. Ийм дээврийг тэр үед дээд зэргийн барилга байгууллагад хэрэглэж байсан үзэгдэл уламжлал болсон байжээ.
Хар хот
БНМАУ, БНХАУ-ын хилийн орчим урсдаг Эзний голын эрэг дээр Хар хотын балгас байдаг. 1908 онд П. К. Козлов тэр хотын зохион байгуулалтыг хуулан зурж, 1909 онд малтсан юм. 1914 онд Эзний голын хөндийд А. Стейнаар удирдуулсан английн экспедиц ажиллажээ. 1923 онд мөн америкийн экспедиц ажилласан байна. 1926 онд Козлов, Монгол-Төвдийн экспедицийг удирдан гурав дахь удаагаа Хар хотод очжээ. Козлов, хотын нэг суврагаас намын баялаг цуглуулга, баримал зурмал, бурхан, буддийн дуганы чимэглэл зэргийг олжээ.
Олон номын дотор хот байгуулалтын тухай бичсэн ном ч байжээ. Хар хот нь Хятад, Дунд ази, Монголыг холбосон замын уулзвар дээр элсэн цөл дунд байгаа ногоон арал шиг хот байв. Орчин нутаг нь шим төгс билчээртэй учир нүүдэлчдэд их тааламжтай нутаг байжээ. Монголын эзэнт улсын үед (1280—1368 он Юанийн үе) Хархорум хот орох замд Хар хот чухал дамжлага болж байжээ. Тэр үед Хар хот дамжлагын чухал үүрэг гүйцэтгэж байсан тухай Марко Поло бичихдээ “Эндээс дөчин өдрийн хүнс төхөөрч гараад хойт зүг чиглэн дөчин хоногийн турш орон байр, айл хүнгүй талаар аялан явна” гэж бичсэн байдаг.
Монголын гүрний үед тэр нутагт тарианы талбай услах шинэ суваг шуудуу байгуулжээ. Тэндээс олдсон албан баримтад "Голын сувгийн ажлыг эрхлэх газар" гэж дурдсан байна. Мөн хотын хэрмийг засаж, баруун хойт хэсгийг нийт хэрмийн зохион байгуулалтаас нилээд намхан, өргөн болгожээ. Мөн тэр үед зарим ордыг өөрчлөн засаж, бас бус сүм дуган бариулжээ. Юань улсын сударт Хар хотод байнга байдаг 1550 өрх хүн амын бүрэлдэхүүн өөрчлөгдөж ирснийг дурдсан байдаг. Тэнд Хятад, Тангуд, Монголчууд сууж байжээ.
Козловын олсон баримт бичгийн дийлэнхийг хятад хэлээр бичсэн байх боловч зарим албан хэрэг, аж ахуйн баримт бичиг, тааврын тайлбар ном, сургаалыг монгол хэлээр бичсэн байна. Эзний голоос олдсон номын дотор монгол хэлээр уйгар галигаар бичсэн хэвлэмэл ном хоёр байжээ. Тэр бол монгол хэлээр хэвлэсэн анхны ном байжээ. Баруун зүгийн улстай холбоо харилцаа өргөжсөний үр дүнд Хар хотод лалын шашин нэвтрэн иржээ.
Хотын баруун өмнө талд лалын сүм барьжээ. Түүний дэргэдээс П. К. Козлов араб, перс ном олсон юм. Тэдгээр номд ла лын мөргөлийг гол төлөв бичжээ. Тийм номын нэг нь ойр дорнодод их дэлгэрсэн. "Долоон сургаалын ном" гэдгээс хэсэглэн авсан өгүүлэл байв. Хар хотод мөн загалмайтны шашин дэлгэрчээ. XIII зууны үед тэнд несторианы бүлэг байжээ. Тэр бүлгийнхэн гол төлөв сири гаралтан ба бусад үндэстэн загалмайтны шүтлэгтэй байжээ.
XIII зууны хоёрдугаар хагаст Хар хот монголын засаг захиргааны төв болсон бөгөөд цэрэг хуарагнан байрлажээ. 1372 онд Эзний голыг хятадын цэрэг дайран эзэлсэн юм. Энэ тухай хятадын түүхийн нэгэн бичигт дурдсан нь "Хуньугийн тав дахь жил (1372 он) Фэн Шэн жанжин цэрэг эрсийн хамт Инзинайлуд хүрчээ. Хот хамгаалагч жанжин Буянтөмөр буужээ" гэж тэмдэглэсэн байдаг.
Дараагийн жилүүдэд Хар хотын орчим дайн дажин үргэлжилж байсан учир эртний аян жингийн зам аажмаар балран мартагнжээ. Хот сөнөсөн тухай олон янзын домог байдаг. Хар хотын хэрэм нь 380X450 м хэмжээтэй, хэрмэн хана нь гурван давхар модон бэхэлгээтэй, 8 м өндөр, 12 м өргөн суурьтай бөгөөд дээшлэх тутам нарийсан нарийсаж 4 м өргөн оройтой болно. Хэрмийн оройг тоосгоны босоо өнцгөөр араа шиг арзгар өрсөн байжээ.
Мөн хотын булангуудад цамхаг бариулсан байжээ. Ийм цамхаг хойт талд нь зургаа, өмнө талд нь тав, баруун зүүн талд түс бүр дөрөв байна. Хэрэм нь баруун зүүн талдаа хаалгатай ба хаалга нь Г үсгийн хэлбэртэй дүнхийж урагшаа гарсан далавчин саравчтай болно. Ийм далавчин саравч монголын зарим хот балгасын Зүүн хэрэм, Хар балгас, Богдын орд зэрэг нэгэн адил байжээ. Арван хоёр метр өндөр суврага баруун хойт буланд байна. Түүнд мэргэн харваачдын байр байжээ. Хотын дуган сүм худалдааны байр, хотыг хөндлөн холбосон нарийн гудамжны үлдэц байжээ.
Хархираа голын хот
Аргуун (өргөнө) голын зүүн эрэгт Зүч Хасарын засаг захиргаа, эдийн засгийн Төв хот байсныг 1957—1959 онд Зөвлөлтийн шинжлэх ухааны академийн монголын экспедиц судалжээ. Тэр экспедицийн материалаас үзэхэд энэ хот бэхлэлтэй байсан бөгөөд хотын төвд хааны орд, хажууд нь язгууртангуудын өргөө байжээ. Төв байгууламжийн үлдэгдэл нь 2 метр өндөр, 15X30 м талбайтай дөрвөлжин дов байна. Ордны урд талд шат ба зам байжээ Ханз байгаагаас үзэхэд халаалттай байшин байсан бололтой. Ордны суурин дахь материалуудын дотор, дээврийн хэлтэрхий олноор олджээ. Хархираагийн орд дөрвөн тийшээ налуу дээвэртэй байсан бололтой Судалсан эрдэмтэд Хархираагийн цайз онц удаан байж чадаагүй гэж нотолсон байна.
С. В. Киселев "Нарийн нямбай барилга бүхий Хархираагийн хот бол монгол гүрний амьдралын эрт үеийг харуулж байна" гэж бичжээ.
Дөн-Төрөг хот (Даян дэрэх).
Энэ хотыг нутгийн хүмүүс мэддэг байснаар үл барам хотын балгасны довноос дөрвөлжин тоосго авч зуух, пийшин барихад хэрэглэдэг байжээ. 1956—1957 онд Дөн Төрөг хотыг малтаж XIII зууны эхний хагаст байсан Монголын хот гэж С. В. Киселев тодорхойлсон байна.
Малтшаас олдсон материалаас архитектурийн бүх байгууламжийг (орон сууц, засаг захиргаа, сүм дуганы) X—XIII зууны үеийн барилгын хэв хийцийн дагуу барьсан гэж тогтоожээ. Дөн Төрөг хот хэрэмгүй байснаараа онцлогтой учир нь тэр үед монголчууд эзэлсэн газар нутаг дээрээ хэрэмгүй хот бариулдаг байжээ.
Хубилай хааны эзэмшлийн нутагт хятадын бүх мужид хүн ам олонтой (Ден төрөг мэтийн) том хот мужуудад цэрэг байлгах шаардлагатай байжээ. Иймээс хотын гадна талд дөрвөөс таван миль газар өөрийн цэргийг хуарагнуулж, хотыг довтолгооноос хамгаалах хэрэм, хаалга, далан үгүй байлгаж байв. "Ингэж хазаарласан ард түмэн үймээн самуунгүй тайван амьдарч байна" гэж Марко Поло бичжээ. Дөн Төрөгийн хөшөө, уран барилга, гоёл чимэглэлийн архитектур нь монголын эзэнт улсын эрт үеийн хотын соёл, суурьшилт ямар байсныг харуулжээ.
Археологич Л.Р. Кызласов “Хотод оршин суугчид, ашигт малтмал барилгын материал хайж олоод боловсруулдаг байсан чадвар нь онц сонирхолтой юм. Малталтаар олдсон орон сууцаас их хэмжээний чулуун нүүрс гарсныг үзэхэд орон сууцаа өвлийн цагт халаадаг байжээ. Төмрийн дархны газрын үлдэгдлээс олсон коксыг шинжлэн судлаад элгэстий нүүрс (элэстийн бололтой Д. М) гэж нотлов. Нүүрсийг зөвхөн уурхайгаас төдий биш, Элэстийн голын дагуух уулнаас гаргаж авдаг байжээ” гэж бичжээ.
Малтахад олдсон олдвороос үзэхэд уг хот гар урлалын үйлдвэрлэлийн төв байжээ. Шавраар хийсэн хясаар төмөр хайлуулж байсан төдийгүй кокс ашиглаж ширмийг жижигхэн домин зууханд хайлуулдаг байжээ гэж археологичид таамаглаж байгаа юм. Тэд нар жижигхэн шавар зууханд алт, мөнгө хайлдаг байжээ Төмрийн дархчуул хадаас хутга, зэр зэвсэг, газар тариалангийн багаж зэрэг янз бүрийн төмөр эдлэл хийдэг байсан байна. Вааран урлал нилээд хөгжжээ. Ваар үйлдвэрлэгчид янз бүрийн хэлбэр хэмжээтэй шавар торх, нарийн ур хийцтэй аяга таваг зэрэг хоол ундны хэрэглэл хийгээд, хөлөөр эргүүлдэг гуранзаар засдаг байсан байна. Чулуучид шарил дээр босгох хөшөө, тээрмийи чулуу, хутганы билүү хийж байжээ. Нэхмэл сүлжмэлийн гар урлал нилээд хөгжжээ.
Хотын оршин суугчид нь уул уурхай, гар урлал, барилга эрхлээд зогссонгүй улаан буудай, арвай, хар будаа зэрэг ургамал тарьдаг байж. Буудай, арвайн сүрлийг барилгын хана шавардахад хэрэглэж байсан нь мэдэгдсэнээс гадна шар будааны хальс, олсны үр хотын балгасаас олдсон байна. Газар тариалан, гар урлалын бүтээгдэхүүн нь монголын хаадын хзрэгцээг л хангадаг байжээ. Гар урчуул, цэрэг тариаланчдын суурин бүхий хот барьж байгуулсиы учир нь хамгаалах гарнизонд тулгуурлан шинээр хийх аян дайны материаллаг хэрэгцээг хангах зэр зэвсэг, гар урлалын бүтээгдэхүүн үр тариаг бэлтгэн нийлүүлэх зорилготой байжээ. Дөн төрөг хотоос гадна монгол гүрний үед байгуулсан Могой хот, Межегийн хот, Элст хот зэрэг гурван хотын үлдэгдлийг мөн Элстийн голын орчмоос олсон байна.
Тэр үед өмнөд монголын нутагт нилэзд тооны хот, тосгон баригдаж байснаас жишээ дурдвал Долоннуурын орчим суурь нь үлдсэн Шанду, Дунд нийслэл Зундү, Шин-Дин-ся-наас баруун хойш оршдог цайз, олон тооны сүм, бага зэрэг эвдрээд манай үеийг хүртэл үлдсэн "Хэлусян" хэмээх цагаан суврага байна. Мөн гар урчуул, тариаланчдын суурингуудаас гадна Гэгээн цагаан орд, Шар орд, Тосху хот, Хөх нуурын орд, Онгийн орд байлаа.
Үүнээс 1926 онд П. К. Козловын экспедиц Онги орчмыг малтаж судалсан тайланд их мод гэдэг газар эртний хотын үлдэгдэл байгааг тэмдэглэжээ. Энэ хотын дунд цэргийн харуулын байр бололтой барилгын үлдэгдэл байгаа аж. Төв Азийг судлагч И.М. Прежевальский бичихдээ: "XIII зууны хоёрдугаар хагас, XIV зууны эхний хагаст Хубилай ханы цэргийн хот Эрчүүгийн цагаан балгас, Аралын балгас зэрэг хот байжээ. Тэдгээрийн зарим нь Ханбалыг ( Бээжинтэй) тэнцэх юм" гэжээ. Энэ бүхнээс авч үзэхэд XIII—XIV зуун, ялангуяа XIII зууны үе бол цэрэг гар урчуулын суурин ба хот тосгон, орд харш болон бусад байгууламжийг голдуу олзлогдсон хүмүүсийн хүчээр бариулдаг үе байжээ.
XIV зууны эцэст монголын феодалууд өвөр хоорондоо өрсөлдөн дайтаж феодалын бутрал эхэлсэн явдал хот, сууринг доройтуулж, улмаар эвдрэн сүйтгэгджээ. XVI зууны үеэс эхлэн Манжид эзлүүлэхээс өмнөхөн Монголд хот, суурин барих ажил сэргэж эхэлсэн учир Туул голын сав газар дахь "Цогт тайжийн цагаан балгас", Өвөр монголд дээр өгүүлсэн Хөх хот баригджээ. Ер нь шинэ хот сууринг гол төлөв хуучин хот суурингийн балгасан дээр буюу түүний ойролцоо барьдаг байсан байна. Тухайлбал: Батмөнх Даян хааны өргөө Хар хорумын орчимд байлаа. Абтай хаан ч мөн тэнд өргөөгөө байрлуулсан байжээ. Одоогийн Монголын нутгаас монголын археологичид олсон суурин, цайз хотын үлдэц 300 орчим болжээ. Үүнийг 1969 онд X.Пэрлээ, Д. Майдар нарын зохиосон монголын хот балгас, суурингийн газрын бүдүүвч зургаас үзэж болно.
Энэ бүхэн бол монголчууд, тэдгээрийн өвөг дээдэс мал аж ахуйгаас гадна зарим талаар газар тариалан эрхэлж, хот суурин барьж байсныг гэрчилж байна. Хоорондоо өрсөлдсөн феодалын олон дайны улмаас суларч, сарнисан Халх монголыг 1691 онд Манж эрхшээлдээ оруулав. Өөрийнхөө ноёрхлыг бэхжүүлэхийн тулд олон тооны цайз байгуулсан, зарим нь хожим худалдаа арилжааны төв болж байжээ. Ийм хотын тоонд Ховд, Улиастай ордог.
Улиастай, Ховд.
Эдгээр хотыг Манж, ойрадын эсрэг хийсэн дайны үед бариулж байгуулжээ. Улиастайд Баруун монголын эсрэг тэмцэх Манжийн цэргийн ерөнхий командлагч жанжин сууж байсан байна.
1748 онд Улиастайн цайз хэрмийг өргөтгөж Тэс, Орхон, Байдраг зэрэг газарт.байрлаж байсан цэргийн жижиг ангиудыг татан төвлөрүүлжээ. XVIII зууны хоёрдугаар хагаст ойрадын хаант улсыг бүрэн эзэлмэгцээ халхад байсан цэргийнхээ ихэнхийг (1780 онд) Хятад руу татсанаас хойш тэнд сууж байсан манж цэргийн жанжин, Сайн ноён, Засагт хан хоёр аймгийг 1911 он хүртэл захиран байжээ. Халх Монгол, Манж, Хятадаас тусгаарлагдаж Их хүрээнд монгол улсын засгийн газар байгуулсны дараа Улиастай хот хуучин ач холбогдлоо алдав. Улиастай хотын түүх нь Ховд хотын түүхтэй маш төсөөтэй. Анхандаа Улиастайн жанжин өөрийн бие төлөөлөгч суух цэргийн цайз хэрмийг Ховдод 1730 онд бариулсан юм.
Хожим Ховдын жанжин нилээд бие даасан байдалтай болж Ховд голын эрэг дээр бариулсан Ховдын хэрмийг 1762 онд Буянт голын эрэг рүү нүүлгэжээ. Сүүлийн хэрэм, 4,80 метр өндөр ханатай дөрвөлжин хэлбэртэй бөгөөд 16000 цэрэг багтах багтаамжтай байв. Хэрмийг тойрон худалдааны зах ззэл, орон сууцны барилгууд байлаа. Ховд голын эрэг дээр цайзныхныг хүнс тэжээлээр хангах сангийн тариалангийн, талбай байгуулж дөрвөн зуун монгол, зуун хятад иргэдийг гэр бүлийн хамт ажиллуулж байсныг татан нүүлгэж Буянтын эрэг дээр суурьшуулаад хот орчмын монголчуудаас хоёр мянган адуу, мянган тэмээ 872 шар татан авч сангийн хэрэгцээнд нийлүүлсэн байна.
1766 онд Ховдын хязгаарт суудаг дөрвөд, мянгад, өөлд зэрэг ястны хэрзг эрхлэх дээд газрыг байгуулаад Ховдод байсан цэргийг Хятад руу татсан байна. Ийнхүү манж амбаны захиргаанд зуу гаруй жил болсны дараа 1868-1870 онд (Цагаан малгайтан) Дунган нарын бослогын үеэр Ховд хотыг хамгаалах хятад цэргийн хүчийг сэлбэн суулгаж байжээ. Дөчин жилийн дараа 1912 онд Монгол улсыг тунхагласнаас хойш Ховд хот баруун монголын нилээд хөл хөдөлгөөнтэй төв болсон юм. Монголын ард түмнээс манжийн эзэнт улсын эсрэг явуулсан тэмцлийн улмаас Ховд хотын эвдэрсэн ул мөр 1920 он хүртэл байлаа.
Эрт дээр үеэс эхлэн худалдаа наймааны зах зээлтэй байсан Улиастай, Ховдод өнгөрсөн зууны 70-аад оноос эхлэн хятадаас гадна орос худалдаачид нэвтрэн орж ирэх болжээ. Буянт голын эрэг дээрх Шар сүм, Улиастай дахь Гэсэр сүмээс өөр том сүм хийд байгаагүй хоёр зуун жилийн түүхтэй дээрх хотуудад мөргөлийн жижиг газар байсан боловч буддийн шашны төв болоогүй.
Байдраг
1719 онд Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын нутгаар урсдаг Байдраг голын эрэгт манжийн булаан эзлэгчид Байдрагийн цайз бариулжээ. Энд хааш хаашаа 439 метр, урт, шатаагаагүй туйпуун хэрмийг дөрвөлжин хэлбэртэй бапиулсан байна. Дөрвөн талдаа хаалгатай 8,9 м өндөр,3,1 м өргөн хэрэмнээс 22 м зайтай 7 м гүн шуудуу тойруулан малтуулсан байдаг. Цайзны урд талд хоёр байгууламж байсныг малтаж судалсныг үзэхэд шаврын үйлдвэр байсан болов уу гэмээр үнс, шавар, шавар сав суулганы хэлтэрхий олдсон байна. Цайзны дотор талд хэд хэдэн барилгын суурь бий.
Орхоны цайз
1735 онд Улиастайн жанжин Пинь Цзень Вань өргөн танилцуулсан илтгэлдээ: "Би 6 сарын 22-ны өдөр цэргүүдийн хамт Ордосоос гарч, 7 сарын 12-нд Улиастайд хүрэлцэн очоод 20-ны өдрийг Орхон голын хөвөөн дэх Эрдэнэ зуу хийдээс хойнохон барих хотын барилгын ажлын нээлтийн өдөр болголоо. Эргэн тойрон 10000 орчим фут урт 13 фут орчим өргөн суурьтай 10 фут орчим зузаан, 14 фут өндөр хэрэмтэй..." Хэрэмний гурван хаалга тус бүр дээр гонхон сүүдрэвчтэй, дөрвөн өнцөгт нь харуулын байртай барих юм. Урд талын хаалганаас дотогш хоёр талд нь дэлгүүр, зэвсгийн агуулах, цэргийн харуулын сууц зэрэг сангийн байр барих юм. Баруун урд өнцөгт нь гурван барилга бариад хэрэмний гадүур, дотуур урсгах үсны шуудууг Орхоноос татах болно. Хэрэмийн хойт талд 120 фут эзлэхүүн эзлэх хаалгатай байх болно гэж бичжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ